Б.Галдаа Ч.Сангарагчааг шалгах дургүй байна

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Б.Галдаа Ч.Сангарагчааг шалгах дургүй байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд шүүх засаглалыг шинэчилнэ хэмээн амласан.  Амлалтаа биелүүлэхээр тасралтгүй зүтгэж буй дүр зураг харагдаж буй. Өчигдөр л гэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэрт албан бичиг илгээсэн байна. Албан бичигт “Нэр бүхий 13 шүүгчийн дипломыг хууль бус хэмээн үзэж уг асуудлыг хянан хэлэлцээд хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлэхийг хүсчээ. Үүний эргэн тойронд яаралтай шийдэх олон асуудал байна, Ерөнхийлөгч өө! Наад зах нь Монголоор дүүрэн хуульч байхад Улсын Ерөнхий Прокурорын газарт “гавлагдсан” мэт үеийн үед дархлагдсан  Б.Галдаа гэгч прокурорыг өөрчлөх хэрэгтэй байна.
Шүүх засаглалыг шинэчлэх, “цус сэлбэх” ажиллагаа хуучирч хөгцөрсөн ноцтой хүмүүсийг зайлуулахаас эхлэх учиртай. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэсэн үндэслэлээр шалгагдаж байна. “Шалга гэх үүргийг нь дээрээс өгсөн” гэж Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа хэлжээ. Түүний үгнээс дургүйд хүчгүй  гэдэг анир сонсогдож буй. Авлигатай тэмцэх газрынх нь дарга авлигын хэрэгт орооцолдчихоод байхад мань Б.Галдаа хөдөлж өгөхгүй байгаа нь хачин биш үү. Тэр бас   “Долдугаар сарын 1-ний” хэргээр цагдаа нарыг байцааж байхдаа ч “Дээрээс өгсөн даалгавар” гээд л сууж байсан. Үнэн хэрэгтээ Б.Галдаагийн “дээр” хэн байдаг нь тодорхойгүй.  Энэ талаар Б.Галдаа ярихдаа “Долдугаар сарын 1-ний хэрэг бидэнд долдугаар сарын 4-нд ирсэн. Энэ хооронд хэргийн газар үзлэг хийчихсэн байсан. Анхны халуун мөрөөр нь манайх ороогүй. Хугацаа алдсан. Хэрэв анхнаас нь объектыг хамгаалалтад бүрэн авч үзлэг хийсэн бол сургуулийн сум байна уу, хонгио байна уу. Буудуулсан уу, үгүй юү гээд бүгдийг тогтооход дөхөмтэй байсан” гэж ярьж байв. Мөн “Тэр үед буудах тухай яриа гарах нь гарсан байна билээ. Хүч хүрэхгүйдээ тулбал яах вэ гэх мэтээр. Гэхдээ яг шийдвэр гаргадаг эрх мэдлийн албан тушаалтнууд бүгд “Галт зэвсэг хэрэглэж болохгүй. Өөр арга хэрэгслээр үймээнийг тараах хэрэгтэй” гэсэн байдаг юм билээ. Гэхдээ цагдаа нарт амаа хамхих үүрэг, чиглэл өгсөн тухай баримт бий” хэмээсэн. Б.Галдаагийн ярианаас эзэн олоход хэцүү. Эзэн биегүй мөртлөө туйлын шударга ажиллаж буй гэсэн дүр төрхийг илтгэх нь итгэл  төрөхөд бэрх байгаа юм. Энэ удаа тэрбээр АТГ-ын дарга Ч.Сангарагчааг шалгах тушаалыг Улсын Ерөнхий Прокуророос хэмээн тодотгосон байна. Тэгэхээр Д.Дорлигжав тушаал өгчээ. Хуулиараа түүнд тушаал өгөх эрх нь бий.  Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа З.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатар нар мөн л Б.Галдаагийн “Дээрээс”-ээс болж сэжигтнээр татагдан шалгагдаж байв. Тэр сэжигтэн, хэрэгтэн болгож ч чаддаг, хэрэгсэхгүй ч болгож бас чадна. Хамгийн ойрын жишээ л гэхэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож чадсан шүү дээ. Ер нь л “Хамгийн хүчтэй, заавал айж явах ёстой” хүн. Харин Б.Галдааг хэн ч шалгаж байсангүй. Сүүлийн үед Авлигатай тэмцэх газартай ихээхэн ойр дотно болоод байгаа. Уг нь одоогоос гурван жилийн өмнө Авлигатай тэмцэх газрын анхны даргаар хэнийг томилох бол гэсэн ярианы үеэр түүний нэр хамгийн тодоор дуулдсан боловч “татгалзсан” гэдэг. Яагаад? Жинхэнэ эх оронч прокурорын хийх ажил тэр биш гэж үү. Үүний цаад шалтгааныг мэргэжил нэгтнүүд нь “Улс төрд дэндүү ойр, улстөрчидтэй гүнзгий холбоотой” гэдгээр тайлбарлан ярьдаг юм билээ.  Албан тушаал ахих гэсэн этгээд амбиц нь түүнийг ийнхүү хачин юм ярихад хүргээд байна уу. Эргэлзээ байна, тэнд. Эргэлзээг тайлах хэрэгтэй.  Арай Б.Галдаа Ч.Сангарагчааг шалгах дургүй байгаа юм биш биз. Сонирхолтой хэрэг шүү. Ингэхэд хэнд ч шалгуулж байгаагүй Б.Галдааг  ер нь шалгаад үзэхэд яах вэ дээ.

У.Оргилмаа.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж