Ерөнхий сайд аа, Английн хатан хаанаас суралцана уу!

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд аа, Английн хатан хаанаас суралцана уу!

Сонин хэвлэлийг дөрөв дэх засаглал гэдэг. Гэтэл сүүлийн таван жилийн хугацаанд энэ засаглалынхаа амийг таслахын тулд гүйцэтгэх засаглалынхан маань улайран тэмцсээр ирсэн нь харамсалтай. Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрэх нь гэдгийг эхлээд уншигчиддаа дуулгачихъя. Дөрөв дэх засаглалыг боомилох ажиллагааг “Монгол шуудан” ТӨХК-ийнхан зохион байгуулаагүй нь мэдээж. Энэ төрийн уурга урт, хуйв нь уужуу юм хойно, хүрэхгүй, оролцохгүй юм гэж үгүй болсон цаг. Мэдээж сонин хэвлэлийнхний амыг алсуур хааж боох нь төр барьж буй эрхмүүдэд л хэрэгтэй. Монголын үндэсний олон нийтийн телевиз гэх ганцхан сувгаар өөрсдийгөө ил цагаан магтан дуулуулж байхын тулд өдгөөгийн өдөр тутмын сонин хэвлэлийг уншигчдад тараадаг ганц байгууллагыг хувьчлах ажиллагааг сэм эхлүүлээд байна.  Хувьчлагдана гэдэг нь сонин тараалтын үнэ нэмэгдэнэ. Харин сонин хэвлэлийнхэн тэр бүр нэмэгдсэн үнийг нь төлөөд байх боломж хомс. Гэлээ ч үйлдвэрлэсэн талхаа хэрэглэгчдэд хүргэхийн тулд ард хормойгоороо урд хормойгоо нөхөж таарна. Ингэж чадсан нь үлдэж, чадаагүй нь үүдээ барих биз. Ийм л аргаар  дөрөв дэх засаглалын амыг барих, хорлохоор шийдээд байна. Телевиз бол тэдэнд хамгийн ашигтай бөгөөд үр нөлөөтэй. МҮОНТ-ийн хувьд улсын төсвөөс жилдээ 15 тэрбум төгрөгийн татаас авчихдаг болохоор үндсэн үүргээ умартахгүй нь мэдээж.
 “Монгол шуудан” компанийн нийслэл дэх 44 салбараар дамжуулж, бас 21 аймгийн 335 сумын иргэдэд сонингоо  хүргэхийн тулд мөнгө, эрх мэдэл хоёрт л дулдуйдаж таарах биз. “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн 33 хувийг хувьчлах тухай яриа бодит ажил хэрэг болоход тун ойрхон байна. Энэ тухай ярилцахаар саяхан Монголын өдөр тутмын сонины холбооны төлөөлөл арав гаруй хүн “Монгол шуудан” компанид очиж удирдлагуудтай нь  уулзжээ. “Монгол шуудан” ТӨХК-ийнхны хувьд өөрсдийнх нь эрх мэдлээс хэтийдсэн зовлон бишгүй бий гэдгээ нуугаагүй. Байнга алдагдалтай ажилладаг. Жилд 14 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж ажиллана гэдэг том хохирол. Тус компанийн үйл ажиллагааны 80 хувийг нь сумдад сонин хэвлэл түгээх ажил эзэлдэг. Ийм алдагдалтай компанийн хувьчлал арваад жил яригдаж байгаа ч энэ засгийн нүүрэнд ажил хэрэг болох шинжтэй. “Монгол шуудан” ТӨХК нь нэг ширхэг сонинг суманд байгаа захиалагчид хүргэж өгөхөд 224 төгрөгийн зардал гаргаж, уг сонины шимтгэлийн орлого 20 төгрөг болж, 204 төгрөгийн алдагдал хүлээдэг бөгөөд хоёр жилийн өмнөөс Харилцаа холбооны зохицуулах зөвлөлөөс тогтоосон чиглэлийн жинд суурилсан тарифт шилжиж, сонингийн редакциудтай тохирч жингээс нь хамааруулж тарифт тооцдог болсон юм. Ийм шийдвэрт хүрснээр нэг ширхэг сонингоос 108 төгрөгийн орлого олж, 116 төгрөгийн алдагдлыг “Монгол шуудан” ТӨХК хүлээж байна гэж тус компанийн удирдлагууд Өдөр тутмын сонины холбооны төлөөлөлтэй уулзахдаа танилцуулж байсан. Энэ мэт алдагдлуудыг бодолцож жил бүр төрөөс 1.4 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгөхийг хүсч байгаагаа ч компанийнхан илэрхийлж байлаа.
Засгийн газрын 2008 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн 10.10.11 дэх заалтыг үндэслэн “Монгол шуудан” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн өөрчлөхийг тухай үеийн Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт үүрэг болгосон байна. Мөн Засгийн газрын 2008 оны гуравдугаар  сарын 19-ний өдрийн 112 дугаар тогтоолоор батлагдсан “2008 онд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалт”-д “Монгол шуудан” ХХК-ийг хувьцаат компани хэлбэрээр шилжүүлж нийт хувьцааны 67 хувийг төрийн эзэмшилд үлдээж, 33 хувийг хөрөнгийн биржээр арилжих шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа ТӨХ, өөрөөр хэлбэл Д.Сугар тус салбарыг хариуцсан ЗТАЖЯ /хуучин нэрээр/-наас саналыг нь аваагүй байна.Тэр ч байтугай ЗТАЖ-ын сайдын 2005 оны 199 дүгээр тушаалаар батлагдсан “Шуудангийн салбарыг дунд хугацаанд /2010 он хүртэл/ хөгжүүлэх” бодлогын баримт бичигт хувьчлалын асуудал огт тусгагдаагүй байхад Засгийн газар ийм шийдвэр гаргасан байдаг. Ингээд дээрх шийдвэрийн дагуу ТӨХ-ны дарга Д.Сугарын 2008 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 231 тоот тогтоолоор “Монгол шуудан” төрийн өмчит компанийг Хувьцаат компани болгон хувиргажээ. Дараа нь харьяалах эрх бүхий байгууллагыг сольсон. Ингэхдээ 2008 онд  “Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-аар шуудангийн үйлчилгээний бодлого зохицуулалтын асуудал Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газарт харьяалагдах болсон байна.
Ийнхүү улстөрчдийн, бүр тодорхой хэлбэл ТӨХ-ны дарга Д.Сугарын дэд бүтцийн томоохон салбараар тоглож эхэлсэн түүх эхэлж, зөвхөн ашиг орлогын хэрэгсэл болгон хувиргасан байна. Үр дүн нь иргэд Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл олж авах эрхээ хасуулсан явдал. Ард түмнээ нүдэн балай, чихэн дүлий байлгахыг хүссэн улстөрчдийн увайгүй үйлдлийн хамгийн наад захын жишээ энэ. Дэлхийн улс орнууд шуудангийн салбартаа яаж ханддаг юм бол? Дэлхийн бүх улс орноос ердөө 14-хөн нь шуудангийн салбараа хувьчилсан байдаг ажээ. Английн Хатан хаан Элизабет шуудангийн салбараа шууд өөрийн мэдэлдээ авсан байдаг юм билээ.  Японы Ерөнхий сайд Койзуми 2007 онд шийдвэр гаргаж шуудангийн салбараа хувьчлахаар болсон. Гэвч хувьчлал олигтой үр дүнд хүрээгүй, дампуурал далласан учраас уг шийдвэрээ эргэн харахаас аргагүй байдалд орчихоод буй гэх.
Бас шуудангийн салбараа огт хувьчлахгүй гэсэн хатуу байр суурьтай улс орнууд бас байдаг ажээ. Хувьчилж болохгүй чухал объект гэж байна. Энэ бол шуудан. Монгол Улсын дэд бүтцийн, тэр тусмаа стратегийн ач холбогдолтой энэ том салбар ямар нэг хэлбэрээр төрийн мэдэлд заавал байх ёстойг цаг үе, нөхцөл байдал шаардаж байна. Жил тутамд 14 тэрбум төгрөгийн алдагдалтай компанийг яаран хувьчилснаар улсын төсөвт төвлөрөх  орлого, гадаадын зээл тусламжаас бүрдэх орлого аль аль нь үгүй болно. Төрийн өмчийг хувьчлахдаа стратеги салбарынхаа үндсэн сүлжээгээр туршилт хийдэг тийм гэнэн асуудал төрийн бодлогын түвшинд байж болохгүй. Засгийн газар ТӨХ-нд хувьчлалын олон хувилбараас хамгийн сайныг сонгож, төрийн бодлогын хэмжээнд  зөв гаргалгаа хийж өгөх шаардлагатай. Нөгөөтэйгүүр хэдийгээр 67 хувь нь төрийн мэдэлд үлдсэн ч үлдсэн хувийг нь худалдаж аваад, эрх мэдлээ, хувьцаагаа нэмэгдүүлэхийг хүсэх нь тодорхой. Энэ салбарын онцлогийг онцгойлон анхаарах хэрэгтэй. Цэг бүрт нь хүнээс хүнд хүрсэн үйлчилгээ, үйлдвэрлэлийн цогц ажиллагаа явагдаж байдаг онцлогтой салбарын хувьд төрийн болон хувийн өмчит сүлжээ холилдон, хоорондоо өрсөлдөх нь утгагүй менежмент юм. Тиймээс уг асуудлыг эрхэлдэг Ерөнхий сайд С.Батболд болон түүний Засгийн газраас “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийг төрийн мэдэлд үлдээхийг онцгойлон шаардаж байна. Та бүхний үзэгний үзүүрт Монголын ард түмний Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө, дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн салбар орших уу, эс орших уу гэдэг нь шийдэгдэх гээд байна шүү.
Б.ОЮУНГЭРЭЛ.

Зохиогчийн эрх: “Монголын мэдээ”.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж