Кофе уух уу, эсвэл болих уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Кофе уух уу, эсвэл болих уу?

Eruulmend.mn


Кофены үрийг шарж идэх нь эрүүл мэндэд тустай


Этиопийн оршин суугчид анх хүний эрч хүч урам зоргийг сэргээдэг нэгэн ургамал
нээж олсон гэдэг. Тэр нь кофе байж. Гэхдээ тэд кофены үрийг тосонд шараад,
зуушны оронд иддэг байжээ. Харин кофег Европоор дамжуулан дэлхий нийтэд түгээн
дэлгэрүүлсэн хүмүүс нь арабчууд. Соёлт ертөнцийнхөн кофег боловсруулж хэрэглэх
болжээ. Гэхдээ одоо ч гэсэн Этиопчүүд кофены үрийг шарж иддэг хэвээрээ. Учир нь
кофены үр хүний бие махбодид зайлшгүй хэрэгтэй төмөр, йод, магни, фосфор зэрэг
олон бодис агуулдаг аж.


Нөгөө талаар тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг
байна. Өдөрт 1- 2 аяга кофе уувал анхаарал төвлөрч, ажил хэрэгч байхад
нөлөөлдөг гэнэ. Мөн кофе хүний сэтгэл санааг сэргээдэг. Түүхчдийн бичсэнээр,
ХҮI зууны үед нас дээр гарсан султан Сулейман кофены үр идсэнээр бэлгийн чадавх
нь сэргэсэн гэдэг. Сэтгэл нь хөөрч баяссан султан Константинопольд кофе тэрэг
тэргээр зөөж авчирах тушаасан аж. Юутай ч кофе эрчүүдийг бэлгийн сулралтай
болохоос сэргийлдэг байна. 


Даралт ихтэй хүмүүс кофе уусаны хэрэггүй


Эрдэмтдийн үзэж байгаагаар, хүн өдөрт 2-4 аяга кофе уухад эрүүл мэндэд нь
сөргөөр нөлөөлдөггүй аж. Харин дээрх хэмжээнээс илүү уувал эрүүл мэндэд муугаар
нөлөөлж болзошгүй гэнэ. Кофе зүрхний цохилтыг түргэсгэж, даралт ихэсгэдэг
байна. Иймд даралт ихтэй хүмүүс кофе их уух нь муу аж. Өдөрт зургаан аягаас
дээш кофе уудаг хүмүүсийн 70 хувь нь зүрх судасны өвчтэй болох магадлалтай
байдаг гэнэ. 


Нөгөө талаар кофе яс сийрэгжихэд нөлөөлдөг. Нэг аяга кофе уусан хүн 40 орчим мг
кальци нөхөж хэрэглэх ёстой байдаг аж. Иймд кофе их уудаг хүмүүс сүү, сүүн
бүтээгдэхүүн, загас, навчит ногоо хүнсэндээ хэрэглэж байвал зохино. Нойр муутай
хүмүүс унтахаасаа зургаан цагийн өмнө кофе уух нь зохимжтой аж. Кофег өлөн
элгэн дээрээ уух хэрэггүй. Бас цай шиг балгаж биш шимж удаан уувал зүгээр
байдаг гэнэ.

Ямар кофе сонгох вэ


Хүмүүс түргэн уусдаг кофенд кофеин бага байдаг гэж үздэг. Гэтэл нунтаг кофе,
уусдаг кофе хоёрын хооронд чанарын ялгаа бага байдаг аж. Дунд зэргийн аяганд
хийсэн чанасан кофенд 80 мг орчим кофеин агуулагддаг. Тэгвэл дээрх хэмээний
аягатай уусдаг кофенд 60 мг кофеин байдаг гэдэг. Эдүгээ кофег янз бүрийн аргаар
үйлдвэрлэж байна. Энэ тансаг ундаанд дуртай хүмүүс ихэвчилэн чанасан кофег
илүүд үздэг. Гэхдээ уусдаг кофе амт, үнэрийн хувьд дордоод байх зүйлгүй. Харин
кофены кофеинийг багасгахын тулд химийн янз бүрийн бодис оруулсан кофенээс аль
болох татгалзах хэрэгтэй. Кофег зөөлөрүүлэхийн тулд сүүтэй ууж болно. Гэхдээ
шингэн сүү хэрэглэвэл бүр сайн гэнэ. Бас кофе ууж байх зуураа шоколад юмуу
эсвэл гурилаар хийсэн ямар нэгэн амттан хүртэх нь таатай байдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж