Хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2014.04.25-нд нийтлэгдсэн

Хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэв

МХЕГ-аас аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэгаж ахуйн нэгжүүд, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд энэ оны нэгдүгээр улиралд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар согтууруулах ундааны үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь магадлан итгэмжлэгдээгүй лабораторитой, шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ зах зээлээс буцааж татан авах журмыг хэрэгжүүлдэггүй, дэлгүүр, худалдааны газруудад гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи худалдаалсан зөрчил илэрчээ.

Мөн эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад худалдаалагдаж буй спирт денатурат нь цувралын дугааргүй, хугацаа, үйлдвэрлэгч  тодорхойгүй, зарцуулалтанд тавих хяналт, анхан шатны мэдээ бүртгэл хөтлөлт хангалтгүй, 38 дээжинд шинжилгээ хийхэд 42% нь чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарчээ.

Шалгалтын явцад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй ААНБ-ууд болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн 151 дээжийг шинжилгээнд хамруулан, стандартын шаардлага хангаагүй гарсан 85 шил, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, 8 шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд 3.416.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.Архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 6 мухлагийн үйл ажиллагаа зогсоож, 1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүллээ.

Улсын хэмжээнд спиртийн 9, архины 57, шар айргийн 9, дарсны 10, нийт 95 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаагаас энэ удаагийн шалгалтаар 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн 6 үйлдвэр/, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 5078 аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль, стандартын хэрэгжилтийг шалгасан. Түүнчлэн 127 эм ханган нийлүүлэх байгууллага, 260 нийтийн үйлчилгээтэй эмийн сан, 19 эмийн үйлдвэр, 81 эмнэлэг, эрүүл мэндийн төв, 7 аймгийн эрүүл мэндийн газар хяналт шалгалтанд хамрагдсан байна.

Эх сурвалж: inspection.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж