“AFC President’s Cup” маргааш нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

“AFC President’s Cup” маргааш нээлтээ хийнэ

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “AFC President’s Cup-2014” тэмцээн өнөөдөр албан ёсны нээлтээ хийх гэж байна. Манай улс энэхүү олон улсын тэмцээний анх удаа эх орондоо хүлээн авч байгаа нь энэ. Хэсгийн тоглолтод 11 баг оролцож байгаа бөгөөд хэсгийн тоглолтуудыг гурван улсад зохион байгуулах юм. Манай улсыг төлөөлөх “Эрчим” клуб “С” хэсэгт багтсан бөгөөд талбай дээрээ тоглохоороо давуу талтай. Энэ хэсэгт “Эрчим”-ээс гадна Камбожийн “Svayrieng”, Непалийн “Manang” клуб багтсан бөгөөд тэд уржигдар манай улсад иржээ.

Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс албан ёсны хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулсан юм. Хурлын үеэр багийн дасгалжуулагч болон ахлагч нар “AFC President’s Cup”-т ямар зорилготой оролцож байгаагаа ярьсан юм. Камбожийн “Svayrieng” клубийн дасгалжуулагч Сэм Ванндет хэлэхдээ “Бид хамгаалах тактик барьж тоглоно. Мэдээж боломж гарвал довтлох нь ойлгомжтой. Гэхдээ ихэвчлэн хамгаалсан тоглолтыг үзүүлэх байх. Яагаад гэвэл Монголын хүйтэн нөхцөлд үнэхээр хүндрэлтэй байна. Монгол Улсад хүйтэн байгаа нь бидний тоглолтод сөргөөр нөлөөлж магадгүй. Бас бид өмнө нь хэзээ ч хиймэл зүлгэн дээр тоглож үзээгүй учраас хүндрэл багагүй бэрхшээлтэй тулгарах юм шиг байна. Гэхдээ хожлын төлөө ирсэн болохоор сайн хичээж тоглоно” гэв.

Харин “Эрчим”-ийн дасгалжуулагч Д.Батнасан “Юуны өмнө бидний хамгийн том давуу тал нь талбай. Эх орондоо, үзэгчдийнхээ өмнө тоглож байгаа учраас сэтгэлзүйн тал дээр юунаас ч айх зүйлгүй. Мэдээж давуу талаа ашиглаж довтлох тактик баримтална. Бид хэсгээсээ шалгарахын төлөө хичээнэ” хэмээн ярив.

Тэгвэл Непалийн “Manang” багийн дасгалжуулагч Ньюпан Набин “Манай баг ганц л зорилготой ирсэн. Тэр нь өрсөлдөгч багуудаа хожиж хэсгээсээ шалгарах. Үүний тулд бүх хүчээ дайчилна. Монголд тоглоход хүндрэл гарах нь ойлгомжтой байна. Наад зах нь бид хиймэл зүлэг дээр тоглохоос эхлээд бэрхшээл гарна. Гэхдээ хэсгээсээ шалгарах зорилготой багт энэ бүхэн хамаагүй. Бид зөвхөн довтолж, бүх хүчээ дайчилна” гэжээ.

Тоглолт маргааш “Svayrieng”, “Manang” багийн тоглолтоор эхэлнэ. Харин тавдугаар сарын 3-нд “Svayrieng”, “Эрчим”-ийн эсрэг, 5-нд “Manang”, “Эрчим”-ийн тоглолт болох юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж