“Буянт-Ухаа” хорооллын сугалааны тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.03-нд нийтлэгдсэн

“Буянт-Ухаа” хорооллын сугалааны тов гарлаа

Нисэхэд баригдсан хямд үнэтэй “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц худалдаж авахаар захиалга өгсөн иргэдийн дундах сугалааг тавдугаар сарын 3, 4-нд буюу энэ амралтын өдрүүдээр зохион байгуулах тухай Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас мэдэгдэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан билээ. Тэгвэл сугалааг ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр буюу тавдугаар сарын 10, 11-нд явуулахаар болжээ. Сугалааг МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулах гэнэ.

“Буянт-Ухаа-1” хороололд байр авах иргэдийн бүртгэлийг Төрийн үйлчилгээний цахим машинаар бүртгэж, гуравдугаар сарын 24-ний 18.00 цагт бүртгэлийг хаасан билээ. Нийт 14 хоногийн хугацаанд 9094 хүн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1730 залуу гэр бүл, 587 хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажээ. Хүсэлт гаргасан иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын  ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Монгол банк зэрэг байгууллагуудтай хамтран цахим хэлбэрээр  хянаж баталгаажуулах ажлыг хийж дуусаад байгаа юм. Бүртгүүлсэн иргэдээс 9081 хүн сугалаанд оролцох эрхтэй болсон бөгөөд үүнээс төрийн албан хаагч 3987, залуу гэр бүл 1730, ахмад настан 2385, хөгжлийн бэрхшээлтэй 979 иргэний материал сугалаанд оролцох эрхтэй болсон байна.  

Бүртгэлд хамрагдсан иргэд сугалаанд оролцох эрхтэй болсон эсэхээ http://www.e-zasag.mn цахим хуудаснаас мэдэх боломжтой юм.

Т.МАША

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж