“Алтанбулаг” чөлөөт бүсийг идэвхижүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

“Алтанбулаг” чөлөөт бүсийг идэвхижүүлнэ

-Ирэх сарын 22-нд Алтанбулагийн хилийн худалдааг нээнэ-

Сэлэнгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд худалдаа, наймааг идэвхижүүлэх алхам хийх талаар тус бүсийн Захирагчийн ажлын албанаас өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”- д хэвлэлийн бага хурал хийлээ.  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн худалдааг зургадугаар сарын 22-нд албан ёсоор нээхээр болсон бөгөөд ингэхдээ олон улсын хэмжээний худалдааны бүс болгоход анхаарах тухай албаныхан хурлын үеэр хэлсэн юм. Гэхдээ эхний ээлжинд туршилтын байдлаар хоёр сарын хугацаанд ажиллуулж үзэх ажээ. Цаашдаа энэ нь амжилттай үргэлжлэхээр бол 24 цагийн олон улсын стандарттай худалдааны бүс болгохыг зорих талаар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны захирагч Ч.Чимэдсүрэн хэлсэн юм. 

Худалдааны чөлөөт бүс одоогоор 500 га орчим газрыг хамардаг бөгөөд тэнд 87 аж ахуйн нэгж, байгууллага худалдаа хийхийг зөвшөөрсөн байдгаас 28 нь үйл ажиллагаа явуулах бүрэн зөвшөөрөлтэй, ямарваа зөрчилгүй юм байна. Цаашдаа Худалдааны бүсийг хөгжүүлэхдээ ойр орчмоор 15-20 мянган хүн амьдрахад зориулж суурьшлын бүсийг бий болгоно гэсэн. Суурьшлын бүсэд шаардлагатай  дэд бүтэц, газрын харилцаа асуудалгүй бол төр засгаас авто замын сүлжээнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа ажээ. Худалдаа, наймааг өргөжүүлэхэд жижиг дунд бизнес эрхлэгчид оролцох нь нээлттэй, харин аж ахуйн нэгж байгууллагууд Захирагчийн ажлын албанд хандах хэрэгтэй. Хуулиар хориглоогүй бүх худалдаа наймааг энэхүү чөлөөт бүсэд хийх бөгөөд худалдаа хийж буй аж ахуйн нэгж, байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгч нарт татварын таатай орчинг бий болгож өгөхийг албаныхан амалж байна. Цаашдаа олон улсын шаардлагад хүрсэн худалдааны чөлөөт бүс болгож хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй гэлээ.

Монголын иргэд гадаад пасспортоор нэвтэрнэ

Худалдааны бүсийг суурьшлын бүс болгож, худалдаа, наймааг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ одоогоор тодорхой болоогүй ажээ. Энэ тооцоо ирэх лхагва гарагт гарахыг хурлын үеэр албаныхан хэлж байлаа. Худалдааны чөлөөт бүс ОХУ-ын зах зээлтэй ойр гэдгээрээ онцлог. Тиймээс ийшээ нэвтрэхэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйн тулд ОХУ-ын иргэд хурууны хээгээр хил нэвтрэх бол монголын иргэд гадаад пасспортоо үзүүлэн орох юм байна.
“Монгол, ОХУ-ын хил орчимтой ойролцоо ОХУ-ын иргэдийн сарын орлого 1000 ам.доллар орчим учраас худалдан авах чадвар сайтай. Бид худалдааны бүсээрээ дамжуулж энэ зах зээлд нэвтрэх нэг гарц болно” гэдгийг “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны захирагч Ч.Чимэдсүрэн онцоллоо.

Ийнхүү худалдааны чөлөөт бүсийг утгаар нь ажиллуулж, ашиг олох асуудлыг албан ёсоор ярьж эхлэх юм. Цаашдаа хойд хөршийын худалдаанаас гадна БНХАУ, БНСУ-тай хийх худалдааны нөөц, боломжийг судалж үзэх ажээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж