“Монгол тулгатны 100 эрхэм” миний санаачилга

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

“Монгол тулгатны 100 эрхэм” миний санаачилга

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг анхлан санаачилсан гэж мэдэгдээд байгаа иргэн Л.Алтангэрэл манай редакцид хандсан юм. Ямар үндэслэл, шалтгаанаар тус нэвтрүүлгийг өөрийн санаа, оюуны бүтээл гэж мэдэгдэж буй талаар ярилцлаа.

-“Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлгийн санааг анхлан гаргасан, өөрийн оюуны өмч гэж та мэдээлээд байгаа. Энэ талаар яриагаа эхлэе?

-Би түүхч мэргэжилтэй. Өөрийн мэргэжлийн шугамаар “Женко”  группээс хэрэгжүүлсэн “Түмэн хишигтэн” төсөлд өнгөрсөн 2010 оны гуравдугаар сард анх судалгааны мэргэжилтнээр  ажилд орсон юм. Нэг жил гаруй ажиллахдаа судалгааны ажилтнаас менежер, төслийн зохицуулагч хүртэлх албан тушаалд томилогдон ажиллаж байсан. “Түмэн хишигтэн” төслийн нийт 30 гаруй дугаарыг бэлтгэж байхдаа монгол хөрсөн дээр бууж, хүн бүрийн сэтгэлд хүрдэг илүү даацтай нэвтрүүлэг хийх санаа төрсөн. Тэр үед “Монгол туургатны зуун эрхэм”  гэх нэврүүлгийн санааг анх олсон юм. Ерөнхий санаагаа илүү тод томруунаар гаргахын тулд нилээдгүй судалгаа, ажиглалт хийсэн. Мөн дэлхийн од, нэрт кино жүжигчин Жетлигээсманай улсад баатар гэж байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр  Асашёорюү  гэж хариулсан байдаг даа. Давгаа аваргын зохиолыг Хубилай хааны Японд хийсэн үйл ажиллагаатай холбож бичиж эхэлж байсан. Монгол туургатан гэдэг ганцхан алдартантай биш шүү гэдгийг л нээж харуулах байсан юм.

-Тэгээд нэвтрүүлгийн санаагаа яагаад “хулгай”-д алдсан юм бэ. Нэвтрүүлгийн санаачилга таныг гэдгийг батлах баримт байгаа юу?

-Харамсалтай нь одоо тэр баримт надад байхгүй. Учир нь 2011 оны зун Архангай аймагт Төв Азид томд тооцогдох булш малтах ажилд оролцох шаардлагатай болсон. Мэдээж түүхч хүнийхээ хувьд яваад үзмээр санагдсан. Төслийн багийнхан явуулахгүй гэж хорьж байгаад гэнэт яв гээд л эхэлсэн. Тэр үеэр намайг шахаж эхлээд байлаа. Яг намайг гарахын өмнө миний компьютэр дээр шинэ ажилтан  эмэгтэй суугаад үлдсэн. Тэгээд л нэвтрүүлгийн санаагаа алдсан даа. Би тэр санаагаа буулгахдаа хөтлөгчөөр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай болон эмэгтэй хөтлөгч хэн байхыг хүртэл бичсэн байна. Учир нь тэр үед  дэлхийд алдартай Опрагийн  “The Oprah Winfrey Show” нэвтрүүлгүүд ид моодонд орж байсан цаг. Эмэгтэй хөтлөгчийг эрэгтэй хөтлөгчийн хажуугаар ярианд эрч хүч, цог золбоо нэмдэг, нэг тийм сахилгагүй байдлаар яриаг лавшруулдаг байхаар тооцсон. Мөн оролцогчдын хувьд “Монгол туургатны зуун эрхэм” нэрийн дор энэ цагт олны талархлыг хүлээсэн хүмүүс байхаар тооцоолсон. Тухайлбал,Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Баганбанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, ерөнхий сайдууд,  Д.Сосорбарам,Н.Жанцанноров,  Б.Гүррагчаа, Ж.Оджаргал, Х.Баттулга, Э.Бат-Үүл, гээд олимп, дэлхийн медалт тамирчид, урлаг соёлын одууд гэхчилэн хүмүүсийг оролцуулахаар төлөвлөсөн байсан юм. Мөн Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын, Буриадын Ерөнхийлөгч К.Илюмжинов, Өвөр Монголын нэрт жүжигчин Б.Басанжав гэх мэт өөр олон алдартныг эрж хайх судалгаа эхлүүлж байсан.

Ямар учраас ийм удаан хугацаанд оюуны өмчөө хамгаалахгүй дуугүй байсан юм бэ?

– Энэ бол итгэлтэй бас хүндэтгэлтэй холбоотой. Бусдад итгэсэн миний маш их итгэл намайг дуугүй байлгаж байсан. Тэр хүмүүсийг “Оюун санааны ийм өндөр түвшний цуврал нэвтрүүлэг хийж, олон нийтэд бурханы дүрээр хандаж, ухааруулж байж ийм хүнлэг бус, ёс зүйгүй, мэргэжлийн бус бүдүүлэг алдаа гаргахгүй байх гэж бодож байсан ухаарч ойлгох байлгүй дээ” гэж бодсон. Өөрийн санаагаа амжилт олж гялалзаж явахад түлхээд унагах зориг хүрсэнгүй.

-Таныг нэр бүхий хүмүүс бусдын нэр хүндэд халдсан гэж ярьж байгаа?

– Миний санааг авчихсан хүмүүст “Энэ чинь минийх” гэхээр нэр хүндэд халдсан  хэрэг болж таарч байна уу. Тэгээд ч би тэднийг анх миний санааг авсан гэж хэлээгүй. Өөрсдөө л олны нүдэн дээр ам алдацгаасан.

-Т.Баатар найруулагчтай уулзаж мөнгө нэхсэн юм биш үү?

-Т.Баатар найруулагч надтай уулзахаар тохирохдоо ганцаараа ирнэ гэсэн. Харин уулзалтын өдөр “Хамтарч ажил хөөцөлдөж байгаа юм” гээд цөөнгүй хүнтэй ирсэн. Тэгээд л өнөөх башир аргаараа намайг гүтгэж байгаа нь тэр.

Хууль хяналтын байгууллагад хандаагүй юу?

-Энэ хэргийг зүрхлээд, бариад авах хүн ний нуугүй хэлэхэд олдохгүй байгаа. Мөн намайг гэрчлэх хүмүүс ч ил гаргаад хэлэхээсээ эмээгээд байгаа нь нууц биш. Харин саяхан МҮОНР-ийн нэвтрүүлэгч, СТА Ч.Идэрчулуун ах mnb.mn  сайтад өгсөн нэгэнд ярилцлагандаа намайг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг анхлан санаачлагч хэмээн шууд илчлэн ярьсан байна лээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж