Путин Севастопольд очжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.10-нд нийтлэгдсэн

Путин Севастопольд очжээ

 

Крым өнгөрсөн гуравдугаар сард Украинаас салж, ОХУ-д эргэн нэгдсэнээс хойш анх удаа Ерөнхийлөгч Владимир Путин хойгт очжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын 69 жилийн ойг тохиолдуулан дэлхийн II-р дайны “баатар хот” Севастопольд очсон аж. Севастополь хотноо Владимир Путиныг эсэргүүцсэн хэсэг хүмүүс байсан ч ихэнх иргэд түүнийг “баатар” мэтээр хүлээн авсан гэнэ. Владимир Путины Крымыг эргэж очсон үйлдэлд АНУ, Европын холбоо, Украины Засгийн газар өдөөн хатгалга хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. АНУ-ын зүгээс Крымыг ОХУ-д нэгдсэнийг хууль бус гэж үзсэн хэвээр буй бөгөөд Владимир Путины үйлдлийг Украины хямралд “гал дээр тос нэмсэн” хэрэг гэж мэдэгджээ.

 

ОХУ-ын олон хотод өчигдөр /V.9/ тохиосон Ялалтын баяраар цэргийн 69 онгоц, нисдэг тэрэг агаарын үзүүлбэр хийсэн бол Севастополь хотноо 70 онгоц, нисдэг тэргээр үзүүлбэр хийжээ. Учир нь Севастополь хотыг 1944 онд чөлөөлсөн аж.

 

Үүний зэрэгцээ Владимир Путины айлчлалтай зэрэгцэн Украины зүүн өмнөд хэсгийн Мариуполь хотод Киевийн Засгийн газрын арми болон Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсон байна. Украины Дотоод хэргийн сайд Арсен Абаковын мэдээлснээр мөргөлдөөний үеэр Оросыг дэмжигчдийн талын 20 хүн, Засгийн газрын армийн нэг хүн амь үрэгджээ. Харин орон нутгийн гэрчүүдийн мэдээлснээр Украины цэргүүд зэвсэггүй хүмүүсийн эсрэг гал нээж, улмаар цагдаагийн газрын байр руу нэвтэрсэн Оросыг дэмжигчдийг гаднаас нь түгжиж байгаад гал тавьсан гэнэ.

 

Оросыг дэмжигч салан тусгаарлагчид маргааш /V.12/ Украины Донецк болон Луханск мужуудад бүх нийтийн санал асуулга явуулахаар зэхэж буй аж.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж