Авто замаа дуусгахыг үүрэг болголоо

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

Авто замаа дуусгахыг үүрэг болголоо

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын орон нутагт ажиллах томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Тус аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн удирдлагуудтай уулзаж, өнгөрсөн онд БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнд өгсөн шаардлагын биелэлттэй танилцлаа.

Албан шаардлагаар Бургастайн боомт хүртэл хүнд даацын автомашин явах 168 км замын 60 хувийг 2013 онд, энэ онд үлдсэн хувийг гүйцэтгэж 100 хувь дуусгахаар заасан билээ. Тус компанийн хуулийн хэлтсийн захирал Ц.Халиунаагийн танилцуулснаар  одоогоор 3,1 км цементэн хучилттай  автозам тавьсан бөгөөд энэ онд өөрийн хөрөнгөөр 104 км авто замыг асфальт бетонон хучилттай хийж дуусгахаар төлөвлөжээ. Харин үлдсэн 64 км авто замыг дотоодын компаниар гүйцэтгүүлэхээр гарц хайж байгаа аж. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд мэдээллийг сонсоод энэ ондоо багтаан замаа 100 хувьд гүйцэтгэж дуусгахыг үүрэг болголоо. Дэлхийн зах зээл дээрх төмрийн хүдрийн үнэ унасны улмаас уурхайн үйл ажиллагаа болон гол нь тээвэрлэлт зогсоогүй цагт авто замыг бүрэн гүйцэтгэж дуусгах үүрэгтэйг санууллаа. Хэрэв замаа гүйцэтгэж дуусгаагүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг хаахыг хатуу сануулсан юм.

Мөн уурхайн баяжуулах үйлдвэрийн тоосжилтыг бууруулах ажлын хүрээнд овоолго шороонд бэхжүүлэгч бодис цацах зэргээр арга хэмжээ авч байгаа гэв. Харин замын усалгааг хөрсөн дээр 0 хэм болтол хийлгүй хүлээж байгаа юм байна. Хэрэв замын усалгааг хийвэл зам тээврийн осол гарах эрсдэлтэй гэж үзжээ. 

Тус компанийн байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 3,8 тэрбум төгрөгт хүрч, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал 262 сая төгрөг болж байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж