“АТГ талийгаачид эмчилгээ хийлгээгүй”

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

“АТГ талийгаачид эмчилгээ хийлгээгүй”

“Петро чайна дачин тамсаг”-ийн гэрээний 50 орчим тэрбум төгрөгийг угаасан гэх хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өчигдөр 17.10 цагийн үед хорих ангийн уулзалтын өрөөнд нас барсан. Тэрээр уулзалтын өрөөнд өмгөөлөгчтэйгээ уулзах гэж ороод гэнэт амьсгал нь хаагдаж, амь насаа алджээ. Талийгаачийн ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болоод бусад хууль хяналтынхны эсрэг гомдол гаргахаар болсон байна. Энэ талаар өмгөөлөгч Д.Пүрэвлхамаас тодрууллаа.  

-ШШГЕГ болоод бусад хууль хяналтын байгууллагын эсрэг ямар учраас гомдол гаргахаар болсон бэ?

-Талийгаачийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-наас цагдан хорьсноос хойш яг 28 хонож байсан. Цагдан хорьж байх хугацаанд биеийн байдал нь муу, толгойн өвчин буюу мигрень өвчин нь хүндэрч, үхэлд хүргэх аюултай болоод байсан учраас батлан даалтгад гаргаж өгөх асуудлаар хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй. Хавтаст хэрэгт ч энэ тухай дурьдсан байгаа. Мөн талийгаачийн бие муудах үед Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүй.

-Ямар учраас эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхгүй гэсэн юм бол?

-Авлигатай тэмцэх газраас “Хэвтүүлэн эмчлэх хэрэггүй” гэж хэлсэн талаар эмч нь хэлж байсан. Өчигдөр ч эмч нар нь “Уучлаарай, дээрээс чиг өгөөд эмчилгээ хийлгэхгүй байсан юм” гэж ярьж байна лээ. Ийм учраас л ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм.

-Дахин цагдан хорихдоо үндэслэлээ хэлэлгүй, шууд хорьсон гэж үнэн үү?

-Үйлчлүүлэгчийг маань үндэслэлгүйгээр шууд л дуудан, цагдан хорьсон. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлж магадгүй гэж үзсэн учраас цагдан хорьсон юм шиг байна лээ. Гэхдээ бие нь тийм муу байгаа хүн хаашаа оргон зайлах билээ дээ. Батлан даалтад гаргахгүй, бас хорих ангийн эмнэлэгтээ ч эмчлэхгүй байсанд гомдолтой байгаа.

Д.Амарсайханыг ямар хэрэгт сэжигтнээр татан шалгаж байсныг сануулахад,

Түүнийг анх 2013 оны тавдугаар сараас УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ. Тухайн үед УМБГ-ын мөрдөн байцаагчид “Петро чайна дачин тамсаг” компани 2007 онд манай улстай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, өдийг хүртэл хамтран ажиллаж байгаа. Санхүүгийн аудитын байгууллагын дүгнэлтээр Монголын талаас хятадад өгөх мөнгөнөөс 50 орчим тэрбум төгрөг дутсан. Энэхүү мөнгийг Хонконгийн данс руу хууль бусаар шилжүүлж байсныг илрүүлсэн. Энэ хэрэгт Д.Амарсайхан нарыг сэжигтнээр татсан” гэж мэдэгдэж байсан юм.

Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэг байж болзошгүй байсан тул хэргийг харъяаллын дагуу АТГ-т шилжүүлжээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж