Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Санаж байна, Майкл

Майкл Жексоныг бишрэн хүндэлдэг мянга мянган фэнүүд нь өнгөрсөн баасан гаригийн үдэш поп одын дурсгалыг хүндэтгэлээ. Вьетнамын Ханой хотын шүтэн бишрэгчид нь Жексоны дуунуудаас бүрдсэн тоглолт хийсэн бол Японд түүний 10 мянган шүтэн бишрэгчдээс Жексоны насалсан 50 насны тоогоор 50 хүнийг сонгож, Майкл Жексоны албан ёсны үзэсгэлэн болох “Tokyo Tower” дахь “Neverland Collection” –нд нэг үдшийг өнгөрүүлэх боломж олгосон байна.
Өнгөрсөн оны зургадугаар сарын 25-нд Майкл Жексон 50 настайдаа гэнэт нас барсан нь дэлхийн хөгжмийн ертөнцөд их уй гашуу авчирсан юм. Майкл Жексоны амьдрал олон хачирхалтай үйл явдлаар дүүрэн байсан бөгөөд түүнийг 13 настай эрэгтэй хүүхэд оролдсон гэж буруутгаж байсан ч шүүхээс цагаадсан. Тэрээр өөрийн дуу хөгжмийн бүтээлээ дахин сэргээж, цуврал олон улсын аялан тоглолт хийхээр бэлтгэж байхдаа нас нөгчсөн юм.
Нас барснаас нь хойш нэг жилийн дараа ч гэсэн хүмүүс түүнийг мартаагүй, дурсан, санагалзсаар байна. Нас нөгчсөнөөс нь хойш Жексоны орлого нэг тэрбум ам.доллар хүрчээ. Түүн дотор цомгийн худалдаа 383 сая ам.доллар болсон бол “This Is It” киноны орлого нь бараг 400 сая ам.доллар хүрсэн байна. Өнгөрсөн нэг жилийн дотор Их Британид Майкл Жексоны CD-нүүд 2.77 сая хувь зарагдсан байна. Сингл CD-г нь оруулбал нийт 4.31 сая цомог зарагдсан бөгөөд “Man in the Mirror” сингл диск нь жагсаалтыг тэргүүлсэн бол “Billie Jean” сингл диск нь хоёрт жагссан байна. Майкл Жексоны гурван хүүхэд болох Принс Майкл, Парис, Бланкет нар аавынхаа дурсгалыг элдэв дуулиангүйгээр Индиана мужийн Гари хотод хүндэтгэн өнгөрүүлсэн байна. Майкл Жексоныг Лос Анжелес хотод оршуулсан бөгөөд фэнүүд нь тийшээ очиж хүндэтгэл үзүүлжээ. Майклйн сая сая фэнүүд энэ өдөр түүнийг чи сэтгэлээсээ санаснаа илэрхийлж байлаа, “Санаж байна, Майкл”.  

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж