G20-ийн уулзалтаар эдийн засгийн асуудлаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

G20-ийн уулзалтаар эдийн засгийн асуудлаар хэлэлцлээ

Дэлхийн том гүрнүүд эдийн засгаа хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж АНУ санууллаа. Канадын Торонто хотод энэ сарын 26-нд G20-ын уулзалт эхэлж байхад АНУ-ын Санхүүгийн департаментын төрийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнер “Европ, Япон зэрэг эдийн  засгийн томчууд төсвөө танах биш харин дотоодын эрэлтийг урамшуулж нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ  авах хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн хямрал бүрэн арилаагүй, хямралын шарх сорви гүйцэд эдгээгүй байна. Энэ чуулга уулзалтын гол сэдэв бол эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах тухай асуудал байх хэрэгтэй” гэж ярилаа. Өсөлтийг урт хугацаанд нь хангахын тулд Засгийн газруудын төсвийн алдагдлыг бууруулах нь чухал гэж Европын удирдагчид ярьж байна. Харин төсвөө эрс танах нь шинээр гарч байгаа хөгжиж буй зах зээлүүдэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж Бразили анхааруулж байна.

Зарцуулах уу танах уу?

G20-ын удирдагчид яаралтай тусламжийн сан байгуулах талаар өмнөх уулзалтын үеэр тохиролцсон бөгөөд эдийн засгийн тусламжийн арга хэмжээг зогсоохгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. Европ, Япон гэсэн том эдийн засгууд дотоодынхоо эрэлт хэрэгцээг өдөөх хэрэгтэй, тэгснээр тэдгээр улсуудруу бараа бүтээгдэхүүнээ экспортолдог улсуудын эдийн засагт сайнаар нөлөөлөх болно гэж ярьж байна. Түүнчлэн улс орнууд хямралаас өөр өөр цаг мөчид, өөр хурдтайгаар гарч байгаа тул цаашид ямар арга хэмжээ авах нь зүйтэй талаар улс орнуудын байр сууриуд зөрөлдөөнтэй байна. Грекийн өрийн хямралаас болж еврогийн хямралд өртсөн Европийн Засгийн газрууд төсвийнхөө алдагдлыг багасгахад гол анхаарлаа хандуулаад байна.
G20 –ийн уулзалт болж байгаа Торонто хотод бямба гаригт өргөн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд зарим газар хүчирхийлэл болсон байна. Үймээнээс болж хоёр ч цагдаагийн машин шатсан байна. G20-ийн уулзалтын үеэр удирдагчид Хойд Солонгос Өмнөд Солонгосын цэргийн хөлөг онгоцыг живүүлсэн, Израйль Газын зурваст хаалт хийж байгаа, түүнчлэн Иран болон Хойд Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгааг буруушаасан байна. Мөн дэлхийн санхүүгийн хямралаас болж НҮБ-аас дэвшүүлсэн ядуурлыг бууруулах зорилтод хүрэхэд саад учирсныг тэмдэглэв. Уулзалтын үеэр G20—ын удирдагчид хөгжиж байгаа орнуудын эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэндийг сайжруулахын тулд ирэх таван жилд таван тэрбум ам.доллар зарцуулахаар тохиролцсон байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж