Найман аймагт дулааны станц барина

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Найман аймагт дулааны станц барина

Эрчим хүчний салбарын “Энержи Монголиа-2014” чуулга уулзалт өнөөдөр  “Туушин” зочид буудалд болж байна. Чуулга уулзалтыг  Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпорациас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Дани,  Франц зэрэг нийт 13 орны зочид төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалтыг нээж Эрчим хүчний сайд М.Сономпил “Энэ удаагийн чуулга уулзалт өнөөгийн болон цаашид хийх төсөл, хөтөлбөрүүдэд байгаль орчны ээлтэй технологийг нэвтрүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох, эрчим хүчний салбарт Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах болно” гэж хэлсэн юм. Чуулга уулзалтаар энэ гол асуудлуудыг онцолж ярьж байгаа бөгөөд тал бүрийн төлөөлөл ийнхүү цугласан байна.

Эрчим хүчний хэрэглээ жил бүр 9.0 хувиар нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн хувьд эрчим хүчний салбарынхан улсын хэмжээнд 5 тэрбум 132 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Үүн дээр ОХУ болон БНХАУ-аас 430 сая кВт цаг цахилгаан импортоор худалдан авч, 23,1 сая кВт цахилгаан экспортолжээ. Хэрэглэгчдэд 4 тэрбум кВт цаг цахилгаан, 6,9 сая Гкал эрчим хүчийг хэрэглэгчдэд нийлүүлсэн бөгөөд цахилгааны борлуулалт 2012 оныхоос 6.4 хувиар өссөн талаар албаныхан онцоллоо. Энэ жил эрчим хүчний салбарт 147 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр 69 төсөл арга хэмжээний барилга угсралтын ажил хийхээс 36 ажлыг шинээр эхлүүлэх ажээ.

Салбарын хувьд үнэ тариф, төлбөр, тооцооны зөрүү болон бүтээн байгуулалт, бусад зардлаас үүссэн алдагдлын хэмжээ 66 тэрбум төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн жилийн долдугаар сард эрчим хүчний ухаалаг хэрэглээнд шилжиж, үнэ тарифын өөрчлөлт хийгээгүй бол энэ алдагдал 100 тэрбум төгрөг давах байсан талаар албаныхан мэдээлэв. Цаашдаа алдагдлыг бууруулахын тулд Эрчим хүчний зохицуулах хорооноос эх үүсвэр барих компаниудыг дэмжиж, үнэ тарифт дахин өөрчлөлт хийх саналыг өнөөдөр болж буй “Энержи Монголиа-2014” хурлын үеэр дуулгалаа. Тодруулбал, шинээр эрчим хүчний эх үүсвэр барьж буй компаниудын хэрэглэгчдэд нийлүүлэх үнэ тариф 5.5 цент байсан бол 9 цент болгох саналыг гаргасан байна. Зөвхөн шинээр эх үүсвэр барих компаниудад хамаатай үнэ тарифын энэхүү асуудлыг Эрчим хүчний яам, Засгийн газрын хэмжээнд хэлэлцсэний дүнд шийдвэрлэх ажээ.

Түүнчлэн энэ жил найман аймагт дулааны станц, шугам сүлжээ барихаар болсон бөгөөд өнөөдөр бодлого тодорхойлогчид, нутгийн удирдлага болон хөрөнгө оруулагч нийлсэн гурвалсан гэрээг үзэглэлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил “Улаанбаатарын утаа аймаг руу очиж байна. Бид эрчим хүчний бүтээн байгуулалт өрнүүлж, агаарын бохирдлыг бууруулах, орон нутагт дулааны хэрэгцээг хангахаар ийнхүү найман аймгийг сонгож авлаа. Эрчим хүчний эх үүсвэр барьсан бол цаашдаа доголдолгүй аваад явах нь чухал учраас мэргэжлийн том компаниудыг бүтээн байгуулалтад оруулахаар боллоо” гэж хэлсэн юм. Энэ дагуу нэг аймагт гэхэд 8-15 гкал хүчин чадалтай дулааны станц барихаар төлөвлөсөн бөгөөд найман аймгийн дулааны станц ирэх жилээс ашиглалтад орох юм байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж