Алт… Алт… Бас дахиад алт

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Алт… Алт… Бас дахиад алт

1848 онд нэгэн эр Калифорни мужийн Сан-Франциско хотын ойролцоо газар ухаж байгаад гялгар шар өнгөтэй метал олж харсан нь алт байлаа. Үүнээс хойш нэг жилийн дараа гэхэд түүхэнд “алтны халуурал”гэж тэмдэглэгдсэн үзэгдэл эхэлж, мянга мянган эрчүүд, гэр бүлүүд Калифорнийд ирж байжээ. Тэднийг “49-чүүд” гэж нэрлэж байсан нь 1849 онд энэхүү их хөдөлгөөн эхэлсэнтэй холбоотой аж. “Дөчин есчүүд” Америкийн өнцөг булан бүрээс төдийгүй Авсрали, Мексик, Хятад, Франц, Англиас ч тив алгасан ирж байсан байна. Яг үүнтэй адилаар 1990-ээд оны дунд үеэс манайд алт ухаж баяжих мөрөөдөл тээсэн хүмүүсийн “арми” үүсч эхэлсэн юм. 

Өвөрхангайн Уянга сумын Өлтийн алтны орд, Төв аймгийн Заамар гээд алт гарлаа гэсэн газар болгон руу Монгол орны өнцөг булан бүрээс амьдралаа сайжруулах гэсэн их нүүдэл эхэлсэн юм. Үүнээс хойш “нинжа” гэсэн нэр томъёо үүссэн. Нэгэн үе алт хөтөлбөрийг хэрэгжүүлж олон компани уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан боловч өнөөдөр хууль ёсоор алт олборлож байгаа нь хууль бусаар алт олборлож буй хүмүүсийн дэргэд үнэхээр цөөхөн байна.

Өчигдөрхөн л эрүүл байсан газар, үзэсгэлэнт сайхан байгаль өнөөдөр ухсан нүх, бохирдсон байгаль, тайрагдсан мод болж үлдэх нь энгийн үзэгдэл болжээ. Үүнийг уул уурхайн зарим хариуцлагагүй компаниудын үйл ажиллагаатай төдийгүй гар аргаар алт олборлогчидтой холбон авч үзэх ёстой. Хөвсгөлд Фосфоритийн ордыг ашиглах эсэх тухай ярьж эхлэхэд Дархадын цэнхэр хотгороо хамгаалах уриа лоозонтой мөн ч олон “иргэний хөдөлгөөн” гарч, хоолойгоо нийлүүлэн хэвлэлийн бага хурал хийлгэж, зарим нь онгон байгалиа цээжээрээ хамгаалж байгаад л дуусна гэж ханхалзаад байсан. Гэтэл тэд өнөөдөр хаачсан нь бүү мэд, харин алт ухагчид Хөвсгөлийн тайгыг ямар байдалтай болгож байгаа гтөр засаг, ард иргэд өдөр бүр харсаар л сууна.
Хамгийн харамсмаар нь гар аргаар ч бай ч хууль ёсоор ч бай олборлосон алт Монгол улсын эрдэнэсийн санд үлдэхгүй байна. Энэ нь 2006 онд батлагдсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” буюу олны ярьж заншсанаар 68 хувийн татварын хууль гарсантай шууд холбоотой. Энэ хууль батлагдаж гарснаас эхлээд Монгол улсад алт олборлогч компаниудын олборлолтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсоогүй, алтны урсгалыггадагш чиглүүлсэн борлуулалтын хууль бус сувгуудыг бий болгож эхэлсэн. Хууль батлагдах үедээ алт олборлогч компаниуд нэг унц алтыг 600-635 ам долларын өртөгтэйгээр олборлож /тушааж байсан/ байсан аж ахуй нэгжүүдийг шууд дампууралд хүргэж, жижиг аж ахуй нэгжүүдийг “техниктэй нинжа” болгож хувиргасан. Мөн үүнийг дагаад алтны хууль бус арилжааны сүлжээ үүсэж ямар ч татваргүйгээр гадагшаа гаргах болсон. Хэн ч гэсэн 68 хувийн татварыг төлөөд, дээрээс аж ахуй нэгжийн орлогын албан татварыг төлөөд үйл ажиллагаа явуулах сонирхол байгаагүй нь мэдээж.

Үнэхээр хууль дүрэм журмыг сахин биелүүлдэг томоохон аж ахуй нэгжүүд л өнөөдөр Монголбанкинд алтаа тушааж байна. Ийнхүү жижиг аж ахуй нэгжүүд татан буугдсанаар зөвхөн Монгол Улсын эрдэнэсийн санд хуримтлагдах алтны хэмжээ багасаад зогсохгүй нийгэм, эдийн засгийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Тухайлбал энэ салбарт ажиллаж байсан ажиллагсад нь нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлөхөө больж, өмнө нь ашиглалт хийж байсан ордуудад нөхөн сэргээлт хийгдэхээ больсон нь өнөөдөр уул уурхайн компаниуд байгаль орчин сүйтгэж байна гэсэн зэмлэл хүлээх бас нэг үндэслэл болсон юм.

Ганц уул уурхайн компаниуд биш, зөвхөн “нинжа” нар ч бус, дээр нь бас буруу хууль баталсан УИХ-ын гишүүд мөн байгаль орчныг сүйтгэсэн асуудалд холбогдох ёстой. Тухайн үед энэ хуулийг гар өргөн баталж байсан гишүүд өнөөдөр эх оронч дүр үзүүлэн байгаль орчны хамгаалал тухай сайн сайхан зүйлүүд бишгүй л ярьж байна. Гэхдээ тэд 2006 онд 68 хувийн татварын тухай хуулийг баталж байхдаа энэ талаар огт бодоогүй. Тухайн үед тэдэнд мэргэжлийн хүмүүс хангалттай сануулж, хэлж байсан боловч тэд ойшоогоогүй.
Монголд олборлож байгаа алтны хэмжээ өмнөх жилүүдээс огт буураагүй. 2006-2007 онд улсын хэмжээнд жил бүр олборлож байсан хэмжээний алтыг өнөөдөр хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайд, түүнээс хавьгүй олон бичил уурхайд, нинжанууд нийлээд олборлож байгаа. Гэхдээ Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ гурван дахин багассан, үлдсэнийг нь хэн нэг этгээд цуглуулаад, дараад, хадгалаад байгаа зүйл байхгүй нь мэдээж. Улсын хилээр гарч байгаа алтны их урсгалын зөвхөн өчүүхэн хэсэг нь, тодруулж хэлбэл азгүй цөөхөн наймаачин баригдаж  нийгэмд дуулиан шуугиан тарьж, алт хууль бусаар гаргасан гэмт хэрэгт холбогдож ахуй амьдралаараа хохирч байна.

Энэ дунд хил гаалийн ажилтан, сумын засаг дарга гээд төрийн албан хаагчид ч байна, мөнгөтэй, тушаалтай хүний гар хөл болон өнөө маргаашийнхаа хэрэгцээг залгуулж байгаа ядарсан гэхээр нь ч байна. Үүний цаад шалтгаан нь өнөөх л өндөр татвар шүү дээ. Төр засаг татвар тогтоосон л бол хэн хүнгүй төлөх ёстой нь үнэн. Гэхдээ амьдралгүй хууль баталж ард иргэдээ гэмт хэргийн замруу түлхэж бас болохгүй гэдгийг хууль тогтоогчид маань ухаараасай.
Архи согтууруулах ундааг үйлдвэрлэх, худалдаалахыг хориглосон хууль гарсанаар томоохон гэмт хэргийн бүлэглэлүүд үүсэх суурь нөхцлийг тавьж, тэднийг санхүүжүүлж байсан АНУ-н гунигт жишээг бид 100 жилийн дараа давтах ёсгүй. 2006 оноос хойш дэлхийн зах зээлд алтны үнэ тогтмол өсөж байна. Гэвч Монгол банкинд тушаагдах алтны хэмжээ 68%-н татвараас шалтгаалж жил ирэх тусам буурч энэ хэмжээгээрээ эрдэнэсийн сангийн алтны хэмжээ багасч байна. Энэ хуулиас болж Монгол улсын засгийн газар арбитрын шүүхэд дуудагдлаа, зарим томоохон олборлогч нар хаалгаа барилаа.

Алт хэдийгээр үнэтэй метал боловч түүнийг олборлоход маш их хэмжээний зардал гаргадаг. Үүнд ажилчдын цалингийн зардал, техник тоног төхөөрөмжийн түлш, шатахуун, тос тослох материалын зардал гэх мэт өдөр тутмын зардал их хэмжээгээр гардаг. 2006 оноос хойш өнөөг хүртэл дизелийн түлшний үнэ 40% өссөн байна. Өнөөгийн байдлаар нэг унц алтыг 705-705,8 ам доллараар олборлож байна гэсэн тооцоо судалгаа байдаг юм байна. Дээрх хууль батлагдаагүй байсан бол алт олборлогч нарын олборлосон алтыг хууль бусаар борлуулалгүй Монгол банкинд тушаагаад тэр үеийн ханш, одоогийн ханшын зөрүүгээр улсад хичнээн хэмжээний валютын ашиг орох байсныг тооцож үзвэл маш өндөр үзүүлэлт гарч ирнэ. Энэ нь өнөөгийн эрх баригчдын хэлээд байгаа үнийн өсөлтийн албан татвараас орсон орлого гэдгээс хэд дахин ихийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжийг үгүй хийсээр ирсэн гэсэн үг.

Алт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Гэтэл өнөөдөр жил тутам 5 тн алтаа хууль бусаар гадныханд алдаж байна гэсэн тооцоо байна. Энэ хэмжээгээр татварын орлого буурсан. Хөтөлбөрийг зогсооё гэхэд алтны үнэ ханш дэлхийн зах зээлд цаашид 1200 ам доллар болж өсөх хандлагатай байгаа бөгөөд жинхэнэ усан тэнэг л биш бол зогсоох нь утгагүй. Мөн алт олборлогч компаниудын хувьд гэнэтийн ашгийн татвар хэзээ тэглэгдэхийг  хүлээсээр суугаа гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь зөвхөн тэдний ашиг орлого, тэдний үйл ажиллагаанд төвлөрөх бус улсын төсөвт, Монгол улсын эрдэнэсийн санд  төвлөрөх баялагтай холбоотой гэдгийг хаа хаанаа санах цаг болжээ.

Бид өнөөдөр хамгийн үнэтэй хоёр зүйлээ гадаад зах зээлд алдаж байна. Нэгдүгээрт, мэргэжилтэй боловсон хүчин, ид ажил хийх насны залуучууд гадаад орон руу сурах, ажиллах нэрийдлээр маш олноороо гарч байна. Үүнийг төр засгийн бодлогын хүрээнд дэмжиж байна. Хэдэн мянгаар нь дугаарлуулж байгаад хэсгийг нь тасалж явуулдаг эл жишиг жил болгон давтагдах боллоо. Хэрэв эдгээр хүмүүс үйлдвэрлэлийн осолд ороод ямар нэг байдлаар хөдөлмөрийн чадвараа алдаад тахир дутуу болбол энэ хүмүүсийг Монгол улс өөрөө л тэжээнэ. Мөн сурч байгаа залуус мэдлэг боловсролоо эзэмшээд тухайн улс орондоо үлдэнэ гэвэл тэр хүнийг эрийн цээнд хүргэж боловсрол эзэмшүүлсэн үр шимийг харь улс л хүртэнэ.

Хоёрдугаарт, үнэт баялаг болох алтаа бид алдаж байна. Алт чухам яагаад үнэ цэнэтэй юм бэ, яагаад эдийн засагт тэргүүн зэргийн ач холбогдолтой юм бэ гэдгийг цөөн хэдэн жишээгээр авч үзье. Өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд Грек, Унгарын хямрал байна. Энэ зөвхөн тэдгээр улсын хувьд ч биш, Европын холбооны улсуудын хувьд томоохон асуудал болоод байна. Европын холбооны нэгдсэн валют еврогийн ханш Грек, Унгарын хямралыг дагаж суларч эхэлсэн бөгөөд үүнээс үүдэж Европын холбооны улсууд төдийгүй дэлхийн маш олон орон алтыг нөөцөлж эхэлж байна. Учир нь алт евро шиг үнээ алддаггүй. Грек улс байтугай АНУ хямарсан ч алтны үнэ өснө үү гэхээс буурахгүй. Тийм болохоор л Ангела Меркел, Путин хоёр еврог яаж аврах вэ гэсэн асуудлаар хэрхэн зөвлөлдөж, шаналж байгааг дэлхий нийтээрээ харлаа. Оросын голлох экспорт европруу чиглэгддэг учраас, бас Германы иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж, эдийн засгийн баялаг еврогоор хэмжигддэг учраас тэр шүү дээ.
Алт хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтний арилжааны хэрэгсэл болсоор ирсэн. Дэлхийн хэмжээнд валют гэж хүлээн зөвшөөрөгддөг евро, долларын талаар ярихаа больё. Гэтэл Монгол төгрөг хаана хөрвөдөг вэ? Гадаадын ганцхан орон, ганцхан хотод хөрвөдөг. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод л цөөн хэдэн ченжүүд монгол төгрөгийг юаниар сольдог. Өөр хаана ч Монгол төгрөг хөрвөдөггүй. Гэтэл бидэнд дэлхийн ямар ч валютаас илүү алт, түүний нөөцийг бүрдүүлэх амин чухал хэрэгцээ, шаардлага байна.

Атомын дугаар нь 79, атом масс нь 196,96 гр.моль алтан шар өнгөтэй энэ метал худалдаа арилжаа эхэлсэн хүн төрөлхтний бүхий л түүхэнд хамгийн үнэ цэнтэй зүйл байсан ба одоо ч энэ үнэ цэнээ алдах бүү хэл улам өссөөр байна. Нэгэнтээ УИХ-н гишүүн О.Чулуунбат “Бид хүнээ хайрладаггүй, гол горхи, ус, модоо хайрладаг” гэж хэлж байсан. Байгаль орчноо хайрлах нь сайн үйл хэрэг боловч хүн нь ядуу, улс эх орон нь баялаггүй бол байгаль орчин хэзээ ч хамгаалагддаггүйг өнгөрсөн түүх бэлхнээ гэрчилж байна. Хүн мөнгөтэй байж байгаль орчноо хайрлаж хамгаалдаг, улс орон баян чинээлэг болж байж байгаль орчныхоо төлөө ямар нэг зүйл хийдэг. Өнөө маргаашийнхаа амьдралыг залгуулж байгаа хүн уулруу очиж мод тарих уу, уулнаас очиж мод огтлох уу гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Хэдэн мянган жил байгалиа шүтэж, хамгаалж ирсэн Монгол түмэн өнөөдөр яагаад талыг там болтол ухансэндийчэж, үр удмаар нь, яс үндсээр нь сөнөөх аюултайг нь мэдсээр байж мөнгөн усан дунд ажиллаж амьдарч байна вэ? Энэ бол өнөөх л ядуурал. Ядуурлынэсрэг тэмцэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх хамгийн гол гарц бол улс орныхоо  эдийн засгийг сэргээж, ажлын байр нэмэгдүүлэх явдал юм.Тэгвэл үүний нэг үндэс нь алтны зохистой олборлолт, таатай хууль эрх зүйн орчин байна.
Зөвхөн төсөв бүрдүүлэхийн тулд аливаа нэг татварыг тогтоож болдоггүй, төсвийн хэмжээ хичнээн их байсан ч гэсэн салхинд хийсдэг гэдгийг өнгөрсөн жилүүдэд УИХ, Засгийн газраас баримталж хэрэгжүүлсэн бодлого харууллаа. Арван жилийн өмнөхөөс хэд дахин данхар болсон өнөөгийн төсөв хуваарилалт нь улам утгагүй болж нэр төрөл нь олширно уу гэхээс ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд зориулагдахгүй байгааг та бид харж байна. Арван жилийн өмнөхөөс амьдрал сайжирсан гэж хэлэх хүн өнөөдөр төдий л олон харагдахгүй байна. Харин ямар ч эдийн засагч улсын төсөв арван жилийн өмнөхөөс хэд дахин томорсон гэдгийг хэлээд өгнө. Эндээс үзвэл улсын төсөв ард түмний амьдрал хоёр шууд хамааралтай биш гэдэг нь харагдаж байна.

Алтны компаниудынхаа үүд хаалгыг барихад хүргэж, Монгол банкинд тушаагддаг алтаа 1/3 болтол нь  багасгаж байж цуглуулсан тэр мөнгө “Хадгаламж зээлийн хоршоо”-ны луйварчдад, ямаанд, тойргуудын нэр барьсан УИХ-н гишүүдэд хуваарилагдаад, зарцуулагдаад дууссаныг бид мэднэ. Тэгвэл эндээс үр ашгийг нь хэн хүртсэн юм бэ? Лав л ард түмэн биш. Гэдсэн доторхийг нь үзэх гээд алтан өндөг гаргадаг тахиагаа алсан тэнэгийн үлгэрийг бид улс гүрнээрээ давтмааргүй байна. Өнөөдөр эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа, хуулийн дагуу бүхий л үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудаа төр засаг маань дэмжих хэрэгтэй. Дэмждэггүй юмаа гэхэд зүй зохисгүй татварын бодлогоор дарамтлах ёсгүй юм.
Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг 12 нэр төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд оногдуулахаар хуулийн төсөл санаачлан батлагдах гэж байна. Үүнийг дагалдаад улсын төсөвт маш их хэмжээний мөнгө орж ирнэ. Үүнийг яаж тараах вэ гэж биш эдийн засагтаа яаж үр ашигтай шингээх вэ гэсэн асуудал гарч ирнэ.

Нэгэнт энэ хууль батлагдаж байгаатай холбогдуулж заавал 2011 оныг хүлээлгүйгээр яг өнөөдрөөс, яг энэ цаг хугацаанаас 68 хувь гэж нэрлэгдэх энэхүү татварыг зогсоомоор байна. Алтны үнэ нэмэгдэх тусам улсын эрдэнэсийн санд тушаагдах алтны хэмжээ багасч байгаа энэ урвуу хамаарлыг хурдан үгүй хиймээр байна. Одоо зах зээлд тогтоод байгаа ханш буюу нэг унц алтны үнийг 1200 ам доллараар бодоход нэг кг алтнаас нөөц ашигласны төлбөр, үнийн өсөлтийн албан татвартай нийлээд 13,3 сая төгрөгний татвар төлөхөөр байна. Ийм өндөр дүн гарч байгаа нь аж ахуй нэгж, иргэдийг олборлосон алтаа улсад тушаахгүй, хууль бусаар борлуулах замруу эргэлт буцалтгүй түлхэж байгаа нь үнэн юм.

Цаашид алтны үнэ  зах зээлийн ханшаар 2000 ам долларт хүрнэ гэсэн прогнозийг дэлхийн томоохон эдийн засагчид хийж байна. Хэрэв энэ үнэд хүрэх юм бол нэг кг алтнаас 39,4 сая төгрөг татварт төлөхөөр байна. Ийм тохиолдолд нэг ч кг алт улсад тушаагдахгүй нь ойлгомжтой. Нөөц ашигласны төлбөрт алтны үнэ унц нь 1200 ам Америк доллар байхад нэг кг алтнаас 2,95 сая төгрөгийн татвар улсад тушаахаас гадна, Монгол банкны эрдэнэсийн сангийн хэмжээ өсөн нэмэгдэх нь зайлшгүй. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг тэглэснээр олборлосон алтыг Монгол банкинд   хуримтлуулж үнийн өсөлттэй холбогдуулан арилжаа хийвэл одоо улсад тушаагдаж байгаа татвараас илүү хэмжээгээр улс орлого олох боломжтой. Өнгөрсөн жилүүдийн бүх л алдаа эндэгдлийг байг гэхэд 4 жилийн өмнө гаргасан алдаагаа засаж залруулах боломж УИХ-д нээлттэй байна.

Э.СЭР-ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж