Засгийн газар төмөр замын төслөө татлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар төмөр замын төслөө татлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар татаж авч байгааг мэдэгдэв.

Уг тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн  бөгөөд түүнд Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар тус тус заагаад байсан юм. Тодруулж хэлбэл, хойд хөрш рүү өргөн царигтай, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн ч учир битүүлэг шалтгаанаар ийн татаж авчээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж