Энхийг сахиулагчдыг шагналаа

Хуучирсан мэдээ: 2014.05.31-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдыг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан Энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд болов.

Афганистан улсад явуулж буй АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн, Африкийн баруун Сахар улс дахь НҮБ-ын мандаттай “Минурсо” ажиллагаа, Бүгд найрамдах өмнөд Судан улсын энхийг дэмжих ажиллагаанд штабын офицер, цэргийн ажиглагчаар ажилласан бие бүрэлдэхүүн өнөөдөр Монгол Улсын төрийн одон, медаль гардан авсан юм. Тэдэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БХЯ, ЗХЖШ-ын удирдах хүмүүс шагналыг гардуулан өгөв.

Цэргийн гавьяаны одонгоор ЗХЖШ-ын ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн А.Балжиннямыг,

Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тагнуулын офицер М.Эрдэнэ-Очир, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дайчилгааны офицер Э.Сэрээтэр, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тагнуулын дарга Э.Ганзориг, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн техникч П.Энхзаяа, Зэвсэгт хүчний материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цог-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171-Е нисдэг тэрэгний үйлчилгээний бүлгийн дарга Ж.Цогтдорж нарыг,

Энхийн төлөө медалиар ТЕГ-ын ажилтан Б.Ундрах, ЗХЖШ-ын цэргийн хангалт үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Батням, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн оператив тасгийн офицер Б.Гантулга нарын зэрэг нийт бие бүрэлдэхүүнийг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Энхийг сахиулагчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа!

Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо!

Монгол Улсынхаа төлөө тангараг өргөж, дэлхийн халуун цэгт Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон хатан зоригт цэнхэр дуулгатнууд аа!

Эх орныхоо төдийгүй, НҮБ-ын гишүүн орнуудын бахархал болсон залуус та нартаа Энхийг сахиулагчдын олон улсын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Даян дэлхийн улс орнуудтай хаяа дэрлэн энх тайвнаар зэрэгцэн оршиж буй манай улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энхийг сахиулагчдын гүйцэтгэж буй үүрэг үлэмж их билээ.

Энхийг сахиулагч цэрэг эрс, тангараг өргөсөн бүсгүйчүүд бүгд энэ цаг үеийн эгэл баатрууд юм. Бидний өвөг дээдэс найман зууны өмнө ч дэлхий дахинд дэг журмыг цэгцэлж, энхийг тогтоож явсан түүхтэй. Өнөөдөр тэр түүхийн үргэлжлэл болж олон улсад монгол цэрэг нэр өндөр, золбоо нь гялалзаж явна.

Арван жилийн өмнөөс Монголын цэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ. Өнгөрсөн жилүүдэд Ирак, Афганистан, Косово, Сьерра-Леон, Чад, Өмнөд Судан зэрэг орнуудад манай энхийг сахиулагчид Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлсээр ирснийг тэмдэглэхэд сэтгэл нэн өндөр байна. Энэ амжилтын эзэд бол хөх тэнгэрийн дор хийморь золбоотой төрсөн монгол залуус маань билээ.

Эрхэм нөхөд өө,

Арван жилийн хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй шилдэг залуус маань Энхийг дэмжих ажиллагаанд оролцоод байна. Монголын төр, түмэн олон та нараараа болон та бүгдийн гэр бүлээр, хайртай дотнын хүмүүсээр тань бахархаж байна.

Тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа, бидэнд найдсан, аврал эрсэн халуун цэгт хүүгээ, эр нөхрөө, ах дүүгээ, аавыгаа илгээж, энх тайвныг тогтоох үйлсэд сэтгэл нэгдэн байгаа гэр бүлийн гишүүд гэдэг бол үнэхээр, эх орондоо үлдэж байгаа ч зүрх сэтгэлээрээ энхийг сахиулагч баатрууд юм.

Тиймээс Энхийг сахиулагчдын гэр бүлийг Монголын төр улам бүр дэмжих ёстой. Энхийг сахиулагчдын гэр бүлийн гишүүд, хүүхдүүдийг нь эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн  үйлчилгээнд нэн тэргүүнд хамруулж дэмжих, бодит туслалцаа үзүүлэх тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч улам бүр анхаарч байгааг та бүхэнд дуулгахад баяртай байна.

Энэ дашрамд өгүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ч гэсэн хүүгээ Энхийг сахиулах үйлсэд илгээсэн Энхийг сахиулагчийн гэр бүл учраас та бүхний өмнө тулгамддаг асуудал бэрхшээлийг хамгийн сайн ойлгодог хүмүүсийн нэг юм.

Эрхэм хүндэт Энхийг сахиулагчид аа,

Монголчууд бол хийморьтой ард түмэн. Дэлхийн цэрэг болсон энхийг сахиулагчдаараа ямагт бахархаж ирсэн. Энэ бахархал бол та бүгдийн эр зориг, эрдэм боловсрол, ухамсартай амьдрал, эх орныхоо сайн нэрийн төлөө зүтгэсэн хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, бас та нарыг хүндэтгэсэн ард түмний тань их хайр ивээлийн  үр шим шүү.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол цэргийн мэлмий тунгалаг, өлмий тань бат орших болтугай” гэлээ.

Энхийг сахиулагчдын ар гэрийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах гэж байна

Энхийг сахиулагчдад шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сэтгүүлчдэд товч ярилцлага өгөв. Тэрээр ярилцлагадаа “Монгол цэрэг дэлхийн цэрэг болох замыг арван жилийн өмнө эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй монгол охид, хөвгүүд дэлхийн халуун цэгт алба хаалаа. Дэлхийн халуун цэгт алба хаана гэдэг бол жирийн хүний хийх ажил биш. Эрдэм боловсрол, сахилга, хариуцлагаараа сонгогдож, эх орныхоо нэрийг өргөж явдаг өндөр хариуцлагатай ажил юм.

Монгол цэргүүд бусад орон, олон улсын байгууллагаас өндөр үнэлгээ авч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Энхийг сахиулагчдын гэр бүл, хүүхэд багачуудад нь анхаарах хэрэгтэй гэж үздэг. Энэ талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах гэж байгааг энэ дашрамд хэлье. Хэдийгээр Энхийг сахиулагчдын ар гэрийнхэн эх орондоо байгаа ч эр нөхрөө, аавыгаа, охиноо халуун цэг рүү явуулж, зүрх сэтгэлээрээ алба хааж байгаа хүмүүстэйгээ хамт байж, сэтгэл шаналж байдаг. Тиймээс гэр бүлийн гишүүдийг эмнэлгээр үйлчилж, хүүхэд багачуудыг нь цэцэрлэг, сургуульд эхний ээлжинд хамруулдаг, ангийн багш нар нь эцэг, эхийг нь орлож харж, хамгаалж хүндэтгэдэг байвал Энхийг сахиулагчдын алдрыг дуурсгахад ач холбогдолтой юм гэж үзэж байгаа.

Энэ өдөр энхийг сахиулагчид, тэдгээрийн гэр бүлийнхэнд баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж