Шилдэг агентлагууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Шилдэг агентлагууд тодорлоо

 

“Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран “Ир­гэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ыг дөрөвдүгээр сарын 1-нээс энэ сарын 10-ны хугацаанд амжилттай зо­хион байгууллаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлын талаар иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлж, агентлагуудын бодлого чиглэл, бодит ажлуудыг олон нийтэд мэдээлэн, таниулах зорилготой Ме­диа аянд Засгийн газ­рын хэрэгжүүлэгч болон тохируулагч 28 агентлаг хамрагдав.

Медиа аяны хугацаанд Засгийн газрын агент­лагуудын үйлчилгээ, ил тод, нээлттэй байдал, ажлын онцлог, иргэдийн санал, гомдлыг тусгасан 200 гаруй нийтлэл, нэвт­­рүүлэг, ярилцлага, мэдээлэл, сурвалжлагыг “Eagle News” телевиз, www.news.mn, “Өглөөний сонин”, www.morningnews.mn сайтуудад давхардсан тоогоор нийтэлж, нэвт­рүүлэв.

Аяны хугацаанд www.news.mn, www.eagle.mn, www.morningnews.mn цахим сайтуудаар “Шилдэг агентлаг тод­руулах” санал асуулгыг нээлттэй явуулсан бөгөөд дунджаар 150 мянга орчим хүн энэхүү санал асуулгад оролцож, агентлагуудын үйл ажил­лагааны талаар санал бодлоо илэрхийллээ.

Иргэдийн саналаар тодорсон шилдэг есөн агентлаг:

1. Газрын тосны газар

2. Иргэний нисэхийн ерөнхий газар

3. Цөмийн энергийн газар

4. Татварын ерөнхий газар

5. Стандартчилал, хэмжил зүйн газар

6. Цаг уур, орчны шинжилгээний газар

7. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

8. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар

9. Хөрөнгө оруулалтын газар

 

1. Газрын тосны газар

 

Газрын тосны газар нь сүүлийн жилүүдэд маш хур­дацтай ажиллаж байгаа бөгөөд өн­гөрсөн онд л гэхэд төсвийн тодотголоор 164 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах төлөвлөгөөтэй байсан ч 686 мянган тонн газрын тос экспортолж, улсын төсөвт 191 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ жил 650 сая орчим ам. долларын хөрөнгө оруулалт хийгдэж 780 мянган тонн түүхий тос олборлож улсын төсөвт 234 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Хамгийн сүүлийн байдлаар Роснефть компани манай улсын зах зээлийн 90 орчим хувийг дангаараа хангадаг байсныг бодлогоор зохицуулж 25 хувьд хүргэсэн. Өөрөөр хэлбэл бодлогын хүрээнд жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компаниуд нөөцөө нэмэгдүүлэх боломжтой болж, газар зүйн байршлаас хамаарахгүйгээр өөр бусад Беларусь, Латви, БНХАУ, БНСУ, Малайз, Сингапур зэрэг бусад орноос бараа бүтээгдэхүүн татаж эхэлсэн. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөж, ашиглалтад оруулснаар сардаа 40 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авах боломж бүрдсэн.

 

2. Иргэний нисэхийн ерөнхий газар

 

Иргэний нисэхийн салбарын­хан Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жилийн ойн баяраа өнгөрсөн сард тэмдэглэн өнгөрүүлсэн. Өнгөрсөн онд УИХ-аас баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д тусгасан. Тухайлбал Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлсэн, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-д парк шинэчлэл хийгдэж, тус компани хоёр дахь шинэ агаарын хөлгөө хүлээн авч, сүүлийн үеийн тохилог агаарын хөлөг иргэдэд үйлчилж эхэлсэн, Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх ажлын хүрээнд гурван шинэ чиглэл нээж, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдэж байгаа тогтмол нислэгийн мэдээллүүдийг иргэд гар утсаа ашиглан мессежээр хүлээж авах боломжтой болсон. “Нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ”-ний шалгалтад Монгол Улсын иргэний нисэх амжилттай дүн үзүүлж, дэлхийд эхний 20, Ази, Номхон далайн бүсд айргийн тавд багтсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын иргэний агаарын хөлгийн бүртгэлд агаарын 51 хөлөг бүртгэлтэйгээс 33 нь нислэгт тэнцэх чадварын хүчин төгөлдөр гэрчилгээтэй байна.

 

3. Цөмийн энергийн газар

 

Цөмийн энергийн газрын хамт олон аливаа цацрагтай бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулах, гаргахтай холбоотой хяналтыг тавьж, геологийн дээж гаргахын тулд цацрагтай эсэх зөвшөөрөл, гадаадаас цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмж оруулж ирэх зэрэгт зөвшөөрөл олгохын зэрэгцээ бүх эмнэлгийн цацрагийн үүсгүүрүүдийн хяналт зэргийг хийж, олон нийтийг энэ төрлийн мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.

Хагас зуун жилийн өмнөөс энэ салбарыг Монгол улсад хөгжүүлж эхэлсэн бөгөөд тэртээ 41 жилийн өмнө Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн болж өдгөө цөмийн технологийг нэвтрүүлэх, нөгөө талаас бүс нутгийн төсөл хөтөлбөрүүдэд оролцох зэргээр үр дүнтэй ажилласаар байна. Үүний үр дүнд Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны газраас тус агентлагийн ажилд үнэлгээ өгч, өнгөрсөн есөн сарын байдлаар 92 хувьтай гэж үнэлсэн нь дэлхийтэй эн зэрэгцэж, нэг зүгт харж байгааг харуулж байгаа юм.

 

4. Татварын ерөнхий газар

 

 

Улсын төсвийн 47-48 хувийг бүрдүүлдэг. Монгол Улсын сум бүрт өөрийн гэсэн төлөөлөлтэй, 32 албатайгаар үйл ажиллагаа явуулдаг. 2014 онд “Өөрчлөлтийг өөрөөсөө” гэдэг уриа дэвшүүлэн ажиллаж байгаа нь ажлын байран дахь зохисгүй хандлагуудаас зайлсхийх алхам болсон юм. Ийн дотоод зохион байгуулалтаа сайж­руулс­наар татвар төлөгчид татварын албаныхантай харилцан ойлголцоход илүү уян хатан, нээлттэй болж, үүргээ ухамсарладаг болсон. Жил бүр тохиодог татвар төлөгчдийн өдрийг иргэнд хандсан байдлаар “Татвар төлөгч танд баярлалаа” гэсэн уриатайгаар тэмдэглэн, Татварын хуулийг сурталчлан таниулах сургалт, танилцуулгыг зохион байгуулсан нь олон нийтийн таашаалд нийцсэн, талархалыг хүлээсэн арга хэмжээ болж чадсан.

 

5. Стандартчилал, хэмжил зүйн газар

 

Засгийн газраас гаргасан Монголд анх удаа Европын стандарт хууль, эрх зүйн хэм хэмжээг нэвтрүүлэх шийдвэрийн дагуу стандартчиллын тогтолцоог шинэчлэх гурван жилийн хугацаатай төслийг эхлүүлсэн. Үүний үр дүнд стандартын тогтолцоо итгэмжлэл, хяналт, хууль эрх зүйн загварын хувьд Европынхтой ойртож, хэрэглэгчдэд, улс орны аюулгүй байдлыг хангахад болон институцийн хоорондын зохицол олон улсын стандартын хэмжээнд хүрнэ. Түүнчлэн төрийн үйлчилгээний баг чанарын хувьд үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэхийн тулд агентлагтаа олон улсын чанарын төвшний ISO9001 стан­дартыг нэвтрүүлэх зорилт тавин, нэвтрүүлэх, гэрчил­гээжүүлэх ажлаа хийж байна. Ингэснээр төр засгаас хэрэгжүүлж байгаа хүнд суртал, авлига, ил тод байдлыг халах том шалгуур болгох юм.

 

6. Цаг уур, орчны шинжилгээний газар

 

Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газар нь 1924 оноос эхтэй бөгөөд онд 90 жилийн ойтойгоо золгосон. Иргэд, олон нийтийг ус цаг уур, орчны шинжилгээний үнэн зөв мэдээллээр хангах, байгаль, цаг агаарын болзошгүй аюул, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэргийлэх, цаг агаар, уур амьсгалын нөөцийг бүрэн дүүрэн ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий тус газрын даргаар С.Энхтүвшин ажиллаж байна. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний багтдаг тус газар нь цаг агаар, уур амьсгалын төлөв байдлыг тодорхойлохын тулд агаар мандал, ус, эх газар хоорондын харилцан үйлчлэлийн процессыг шинжлэх ухааны үүднээс танин мэдэж, урьдчилан мэдээлэх, олон нийтэд үйлчлэх зэрэг үүрэг хүлээн ажиллаж байна.

 

7. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

 

2013 оноос мэргэж­лийн хяналтын байгуул­лагын шинэч­лэлийн бодлогыг эхлүүлснээр өмнө нь байсан алдаа дутагдлуудыг засаж, залруулж байна. Өмнө нь хаалттай хэмээгддэг байсан тус агентлаг олон нийтэд ил тод, нээлттэй болж, удирдлагуудын хувьд ч шаардлагатай мэдээллийг хүссэн хүнд нь өгдөг болсон. Засгийн газраас хэрэгжүүлж буй тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх ажлын хэсгээс тус байгууллагаас олгодог 88 тусгай зөвшөөрлийн асуудлыг авч хэлэлцээд эхний ээлжинд 17 болгож цөөрүүлсэн. Ингэснээр анхлан үйлдвэрлэл эрхэлж байгаа нөхцөлд л мэргэжлийн хяналтын байгууллагаас ажлын байрны болон эрүүл ахуйн дүгнэлт авдаг болж, үйлдвэрлэгчдийн олон шат дамжлагыг цөөрүүлж чадсан. Төрийн байгууллагуудын болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг нягт болгож чадсан. Хяналтын шинэ механизмаар буюу урьдчилан сэргийлэх хяналт, тандалт судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх байдлаар ажиллаж байна.

8. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

 

Тус агентлаг нь өнгөр­сөн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн УИХ-аас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Хилийн боомтын тухай хуул дагуу улсын хилээр зорчих тээврийн хэрэгслийг шал­ган нэвтрүүлэх чиг үүр­гийг Хил хамгаалах ерөн­хий газраас шилжүүлэн авсан. Түүнчлэн хилийн цэргийн шалган нэвтрүүлэх, хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх болон манай оронд нэг сараас дээш хугацаанд амьдарч байгаа гадаадын иргэдийг бvртгэдэг программуудын мэдээллийн санг нэгтгэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа гадаадын иргэд хууль бусаар амьдрах, хөдөлмөрлөх, хууль зөрчиж хийдүүлэх явдлыг тасдан зогсоох боломжтой болсон. Дэлхийн олон оронд нэвтрүүлсэн хурууны хээгээр хил нэвтрэх болон үүнтэй төстэй туршлагуудаас судалж “auto gate” буюу хурууны хээ болон паспортын мэдээллээр нь шалгагчгүй нэвтрүүлдэг программыг ойрын хугацаанд суурьшуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ технологийг нэвтрүүлснээр 2-3 минутад 10-15 хүнийг хил нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Үйл ажиллагаандаа цахим үйлчилгээ нэвтрүүлэхийн тулд онлайн аппликейшныг хийж, туршиж байгаа бөгөөд тун удахгүй интернэтэд холбогдсон л бол хаанаас ч гадаадын иргэнийг эх орондоо урих боломж нээгдэх юм.

 

9. Хөрөнгө оруулалтын газар

 

Хамгийн отгон бас хамгийн цөөхөн албан хаагчтай хэрнээ хамгийн өргөн цар хүрээтэй ажлыг хийж гүйцэтгэж буй агентлаг. Хөрөнгө оруулалтын газар нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын шинэ орчинг сурталчлах үндсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дэлхий нийтэд болж буй олон улсын шинжтэй хурал, чуулга уулзалтад идэвхтэй оролцож, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжуудыг сурталчлах, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд дэлхий нийтэд түгэн дэлгэрсэн хөрөнгө оруулагчийн менежерүүдийг бий болгохоор зорин ажиллаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж