Орлогын татварыг өөрчлөх шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Орлогын татварыг өөрчлөх шаардлагатай гэв

УИХ-ын эрхэм гишүүн Д.Балдан-Очир Хүн амын орлогын албан татварыг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан юм. Уулзалтад АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, Үндэсний татварын ерөнхий газар/ҮТЕГ/-ын дарга Ц.Оюунбаатар зарим газрын дарга нарын хамт оролцлоо.

Гишүүн Д.Балдан-Очирын тайлбарласнаар татварын тогтолцоо хоёр хөлтэй. Нэг нь Хүн амын орлогын албан татвар, нөгөө нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. Монголд хоёр дахь нь сайн хэрэгждэг ч хувь хүний орлогын албан татварын хэрэгжилт тааруу байгаа ажээ. Тиймээс Хүн амын орлогын албан татварт шинэчлэлт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Гадаад орнуудад бол татварын тогтолцоо Хувь хүний татвар дээрээ тулгуурлаж, аж ахуйн нэгжийнх үүн дотроо багтдаг юм байна. Иргэн бүр хөрөнгө орлогоо мэдүүлж сурвал авлига, хээл хахууль ч буурах магадлалтай бөгөөд хэн нь эмзэг, ядуу, нэн ядуу бүлэгт хамрагдаж буйг шууд тодорхойлж, хавтгайрсан халамжийн тогтолцоо цэгцэрнэ гэж гишүүн хэллээ. Одоо хороо, багийн Засаг дарга иргэдийнхээ орлогыг тодорхойлж танил талдаа ядуу, эмзэг бүлгийн гэсэн тодорхойлолт гаргаж өгдгөөс халамж хавтгайрснаас гадна эзнээ олохгүй байгааг ч тэмдэглэсэн юм. Монголын хүн амын 83 хувь нь ямар нэг халамжид хамрагддаг болсон нь үүнийг гэрчлэх баримт гэлээ.

Ингээд Хувь хүний орлогын албан татварын тогтолцоог шинэчлэх үндсэн зарчим нь өрхийн орлогын мэдүүлэг дээр тулгуурлах ёстой гэж үзсэн байна. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг бол энгийн иргэд өрхийн орлогын мэдүүлэгтэй байх ёстой ажээ. Хувь хүний орлогын албан татварын хэмжээ өнөөдөр 10 хувь байгаа. Үүнийг нэмэгдүүлэхгүй байх. Түүгээр үл барам бууруулах зарчим баримтлан татварын дарамтгүй байлгах нь татвараас зайлсхийхээс сэргийлэх үндсэн нөхцөл болно гэж шинэтгэлд тусгахаар төлөвлөж байгаа юм байна. Уул уурхайгаас эдийн засагт орж ирэх орлого өсөхтэй уялдуулан татварын хэмжээг 10 хувиас буулгах боломжтой гэж тооцоолжээ.

Төсөөлөн тооцоолж байгаагаар Хүн амын орлогын албан татварын хуулийн шинэчлэлтийн асуудлыг УИХ-ын ирэх намрын чуулганаар хэлэлцүүлж, 2011-2012 онд хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, 2012-2013 онд татварын шинэ тогтолцооны хуулийг мөрдөж эхлэх нь зүйтэй гэж Д.Балдан-Очир гишүүн ярьж байв. Уул уурхай, бусад салбарын эрчимтэй хөгжлийн эхэн үетэй энэ хугацаа таарах ажээ. Монголд эзэнгүйдээд байгаа газрын харилцааг ч нэн даруй зохицуулах шаардлага бий гэлээ. Одоогийн хуулийг иргэн бүр тэгш мөрдөж чадахгүй байгаа учир авлигыг хөхүүлэн дэмжсэн шинж чанарыг агуулж ирснийг ч хэллээ.

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараагаас Монгол Улсын иргэн бүр хөрөнгө орлогоо жил тутам татварын албанд мэдүүлдэг тогтолцоонд шилжсэнээр шударга бусаар баяжих, хээл хахууль авлигад автах байдал хумигдана гэж үзжээ.

ҮТЕГ-ын дарга Ц.Оюунбаатар манай татварын систем хагас социалист, хагас капиталист зарчим дээр явдаг хэмээж байв. Хүн амын орлогын татварыг хураахын тулд их зардал гаргаж тун бага татвар олж авдаг гэнэ. Улсын нийт татварын тав орчим хувийг л тэндээс олдог байна. Мөн ажил хийдэг хүн ядуурч, зүгээр суудаг нь халамжаар гэдэс цатгалан амьдардгийг татварын зохицуулалтаар өөрчилж болох аж. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нийт хүнд 70 мянган төгрөг хавтгайруулж өгснөөс үнэхээр амьдрал хүнд иргэдэд 140 мянган төгрөг өгөх нь зүйтэй гэсэн саналтай явдгаа хэллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж