Санамсаргүй алгадах &#34мэх&#34

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Санамсаргүй алгадах &#34мэх&#34

Эр хүн 13 мэхтэй. Харин монгол бөх 666 мэхтэй. Уран мэхийг уралдуулан барилдана гэдэг монгол хүний, монгол бөхийн нэгэн гайхамшиг юм. Орчин үед бөхчүүд монгол бөхийг мэхийг хэтэрхий даяаршуулах болов. Бөхийн барилдааны дундуур у-шу, каратэ, боксын спортын мэх мэр сэр харагдах боллоо. Бие хамгаалах урлаг, зодооны спортын төрлийг монгол бөхөд нэвтрүүлсэн хүмүүсийг Монголын үндэсний бөхийн холбоо бас л мэр сэр шийтгэдэг тогтолтоо үүсэв.

Нэгэн жишээ дурдъя. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат уран, хурц барилдаант улсын харцага Ц.Содномдорж бөхийн зүлэг ногоон дэвжээнээ эргэн иржээ. Сонирхолтой барилдааныг толилуулдаг сайхан харцагуудын нэг бол яах аргагүй Ц.Содномдорж. Харцага Ц.Содномдоржийг Цагаан сарын барилдаанд өрсөлдөгч бөхийнхөө гарыг санаатайгаар хөшиж, дүрэм зөрчсөн гэж үзэн, Монголын үндэсний бөхийн холбоон барилдах эрхийг нь дөрвөн сарын хугацаатай хассан юм. Монголын үндэсний бөхийн холбооны гаргасан шийдвэр ёсоор харцага Ц.Содномдоржийн барилдах эрх зургадугаар сарын 12-нд сэргэх ёстой. Гэсэн ч харцага МҮБХ-нд хүсэлт тавьж, уучлал гуйснаар тавдугаар сарын 31-ний аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд барилдах эрхтэй болжээ.  Харцага Ц.Содномдорж ч зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирснээ сануулж, тус барилдаанд үзүүрлэн, амжилттай барилдав. Барилдаан эхлэхийн өмнө харцага бөхчүүдээсээ, бөхийн хорхойтнуудаасаа уучлалт ч гуйжээ. Монгол бөхийн ёс жудагт уучлал гуйх гэдэг шинэ төрөл нэмэгдсэн байна. Бөхчүүд маань ард түмнээсээ зоригтойгоор уучлал гуйж чаддаг болсныг харцага Ц.Содномдоржоос харлаа, басхүү бахархлаа. Хүн хийсэн гэмээ давтахгүй, гэмшинэ гэдэг сайн хэрэг.

Аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны үзүүр, түрүүнд Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат харцага Ц.Содномдоржийг унагасныхаа дараа нидрээд авчихав уу гэмээр бичлэг ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаж байна.

Цагаан сарын барилдаанд өрсөлдөгчийнхөө гарыг хөшсөн харцага Ц.Содномдоржийг аварга шийтгэв үү, эсвэл санамсаргүй үйлдэл байв уу? Бөх сонирхогч, үзэгч түмэн тухайн үед юу болсныг ойлгоогүй. Харин Монголын үндэсний бөхийн холбооноос “Аварга санаатай алдаа гаргаагүй учир шийтгэхгүй. Өрсөлдөгчөө унагахдаа санамсаргүй нидэрсэн” гэж мэдэгдэж байна. Магадгүй харцага Ц.Содномдорж цагаан сарын барилдааны үеэр санамсаргүйгээр өрсөлдөгчийнхөө гарыг хөшсөн байж болох. Түүнийг нь Монголын үндэсний бөхийн холбооныхон анзаараагүй байж болох шүү дээ. Ер нь энэ мэт санаатай, санаагүйг нь ялгахын аргагүй барилдаанууд мэр сэр гардаг. Бөхчүүдэд тодорхой хэмжээгээр шийтгэл хүлээлгэж, хариуцлага тооцон, буруу зөрүүг нь ухааруулдаг болсон нь сайн талтай ч барилдааны маргааныг шийдвэрлэхдээ юуг үндэслэж байгаа нь заримдаа үзэгчдэд ойлгомжгүй үлддэгийг бодолцох хэрэгтэй биз ээ.

Тэгэхгүй бол санамсаргүйгээр өрсөлдөгчөө алгадах, тийрэх, тохойлдох, цээжээрээ ёврох гэх мэт “мэх” монгол бөхийн уран барилдаанд нэмэгдэж магадгүй болжээ. Үндэсний бөхийн аварга цолтон хүртэл “санаандгүй цохих мэх”-ийг өрсөлдөгчдөө ашиглаж байгаа нь таагүй л харагдаж байна.

Б.БИЛЭГ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж