Мэргэшсэн жолооч нарыг бэлтгэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Мэргэшсэн жолооч нарыг бэлтгэнэ гэв

Нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс эхлэн хотын төвөөр микро автобус явуулахыг хориглож байгаа. Үүнтэй холбоотойгоор том оврын автобусаар үйлчлэх хүчин чадал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайханаас тодруулж асуулаа.

– Нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн хэрэгцээг том оврын автобусууд бүрэн хангаж чадах уу?

-Микро автобусыг хотын төвөөр бус тойруу замаар явах явуулах чиглэлийг Нийслэлийн Захирагчийн алба, нийтийн тээврийн газраас хамтарч баталсан байгаа. Хот доторх нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 678 том оврын автобус үйлчилж байна. Ачааллыг бүрэн дааж чадна. Цаашид том оврын автобусны тоог нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Өнөөдрийн хийж буй манай салбарын ажил бол гурван жилийн хугацаанд бодож, боловсруулсан төлөвлөгөө, төслийн журмаар хийгдэж байгаа. Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 400 автобусаар парк шинэчлэл хийснээс хойш, 120 гаруй автобусыг акталж, нийтийн тээврийн үйлчилгээнээс хассан.

-Том оврын автобусны жолооч нарыг ямар шалгуураар ажилд авдаг вэ?

-500 гаруй нь хуучин нийтийн тээвэрт ажиллаж байсан хашир туршлагатай жолооч нар үйлчилж байна. Дээрээс нь насжилтаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан микро автобусны 21 аж ахуйн нэгжийн 190 гаруй жолоочийг тодорхой шалгуурын дагуу ажлын байртай байлгах үүднээс ажилд авсан. Цаашид том оврын автобус нэмэх учраас 227 жолооч шалгуураар нэмж авна. Авто тээврийн газраас мэргэшсэн жолооч нарыг бэлтгэх тусгай төв саяхнаас байгуулсан. Ирэх сараас эхлэн ямар ч эрсдэлтэй, хүнд нөхцөлд үйлчилгээ эрхлэх жолооч нарыг сургаж эхлэх юм.

-Зарим нэг чиглэлийн жолооч нар өдрийн рейсээ давхардуулах, шахах зэргээр өглөө, үдшийн цагаар том оврын автобус үйлчлэхгүй байгаа гомдол иргэдийн дунд байнга байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Тухайн чиглэлийн автобус бүхэнд өдөр тутамд цаг минутаар нь тооцож гаргасан аргачлал бүхий эргэлт, рейсийг нийтийн тээврийн газраас баталсан байгаа. Тийм болохоор хяналтыг чангатгах талаар сүүлийн үед ажиллаж байна. Одооноос тиймэрхүү асуудал гарахгүй гэж бодож байна. нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээ байгуулан ажиллана.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж