Наадмын найруулагчид баг болж ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Наадмын найруулагчид баг болж ажиллана

Засвар, тохижилтын ажил 80 хувьтай, ирэх сарын 1-н гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэн наадамд бэлэн болно гэж өнөөдөр хуралдсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлын үеэр Тохижилт, засвар, үйлчилгээний салбар хорооны дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат танилцууллаа.
Хүй долоон худаг дахь морь барианы газарт шинээр тавьж буй Засгийн газраас гаргасан  1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 3.6 км хатуу хучилттай замыг “Ялгуусан”, “Пауэр ложистик”, “Төгс зам” компани гүйцэтгэж буй. Замын ажил хуваарийн дагуу явж буй бөгөөд хучилт хийгдэж байна.
Тус хурлаар Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын тоглолтын хөтөлбөр болоод найруулагчдыг баталлаа. Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар “On’n Off” продакшнын найруулагч С.Ононбат, гавьяат жүжигчин Д.Сосорбарам нар баг болж ажиллана. Мөн долдугаар сарын 11-ний үдэш Сүхбаатарын талбайд болох “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах найруулна.
Салбар хорооны дарга нар тус тусын чиглэлээр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
Хэв журмын салбар хорооны дарга хошууч генерал Д.Сандаг-Очир Хүй долоон худагт хамгаалалтын шугам шинээр татах гэж буй талаар танилцууллаа. Ийм зурвасыг жил бүрийн наадмаар ашиглаж болохоос гадна морин уралдааны үеэр олон цагдаа хамгаалалтад гарах шаардлагагүй болох юм байна. Мөн морин уралдааны зам дагуух 10 гаруй айлыг нүүлгэжээ.
Энэ хурлаар буриад, урианхай сурын харваачдын бай шагнал болоод шүүгчдийн ажлын зардлыг нийт 2,3 сая төгрөг байхаар баталснаас гадна сурын талбайд био жорлон ажиллуулахыг зохион байгуулах хорооны хурлаар шийдвэрлэв. Мөн ирэх долдугаар сарын 5-наас наадам хүртэл Сүхбаатарын талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхаар тогтлоо.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд Төв цэнгэлдэх хүрээлэнд болоод гадаа талбай, Хүй долоон худагт усалгаа нэмэгдүүлэхийг үүрэг болголоо. Мөн тэрбээр наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолт, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг найруулах, зохион байгуулах хүмүүст хандаж “Монголчууд наадмын нээлт, хаалт болоод төрийн хүндэтгэлийн тоглолтын талаар дараа жилийн наадам хүртэл ярьдаг. Тиймээс та бүхэн бүхэн өндөр хариуцлагатай ажил хүлээсэн, хичээж ажиллаарай” гэж онцлон анхааруулсан юм.
Монголчуудын үндэсний их баяр наадам эхлэхэд 13 хоног үлдлээ. Энэ хугацаанд наадам зохион байгуулах хороо хоёр удаа хуралдах бөгөөд ирэх сарын 8, 9-ний үед наадмын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж