“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд газар олгоно

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд газар олгоно

Сэлэнгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн худалдааг ирэх Даваа гаригаас буюу энэ сарын 24-нөөс нээж, байнгын ажиллагаатай болгох гэж буй. Арав гаруй жил чөлөөт бүс байгуулж, худалдааг эрчимжүүлэх асуудлыг ярьсан ч дорвитой үр дүнд хүрэлгүй өдий хүрсэн. Тэгвэл энэ сарын 22-нд худалдааны чөлөөт бүсийг ийнхүү 24 цагийн байнгын ажиллагаанд шилжүүлэхийн эхлэл болгон “Алтанбулаг экспо” үзэсгэлэн яармагийг нээх гэж байна.

 

Хойд хөршийн зах зээлд шууд холбогдох энэхүү чөлөөт бүсийг эрчимжүүлэх бэлтгэл ажлуудыг хийж буй бөгөөд чөлөөт бүсийн худалдаанд эхний ээлжинд барилгын материал, авто сэлбэгийн худалдааг чухалчилж байна. Тодруулбал, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд Барилгын болон авто сэлбэгийн худалдааны төв нээхээр болжээ. Хилийн худалдааг бүрэн утгаар нь дэмжихийн тулд шаардлагатай зай талбайг бодолцон үзэж, худалдаа явуулах аж ахуйн нэгжүүдэд газар олгохоор болсон талаар тус чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн хэлсэн юм. Энэ хүрээнд эхний ээлжинд хоёр худалдааны төвд нийт 60 аж ахуйн нэгж /ААН/-ид тус бүр 200 м/кв хүртэлх газар олгох ажээ. Тиймээс худалдааны чөлөөт бүсэд барилгын материал, авто сэлбэгийн худалдаа явуулах аж ахуйн нэгжүүд зохих шаардлагыг биелүүлэн, бичиг баримтыг бүрдүүлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд хандах хэрэгтэй юм байна. Ингэж газраа авсан аж ахуйн нэгж тухайн газартаа барилга барих, худалдаа, үйлчилгээ явуулах эрх нь нээлттэй ажээ.

Барилгын материалын, авто сэлбэгийн худалдааг ийнхүү дэмжих болсон нь худалдааны бараа эргэлтийг сайжруулахаас гадна орон сууц, авто машины үнийг бууруулах, цаашдаа тогтвортой байлгахад нөлөөлөхийг албаныхан онцолж буй.

Татварын таатай орчинг амлав

Худалдааны чөлөөт бүсийг эрчимжүүлж, бизнес эрхлэгчдийг даллахын тулд татварын таатай орчинг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаныхан амалж байна. Энд худалдаа, наймаа явуулах аж ахуйн нэгжийн төлөх гаалийн, НӨАТ, импортын татварыг чөлөөлөх ажээ. Ингэснээр барилгын засвар хийх гэж байгаа иргэн “Алтанбулаг” худалдааны  чөлөөт бүсийн Барилгын худалдааны төвөөс гурван сая төгрөг хүртэлх барааг ямар ч татваргүй авч гарах эрхтэй. Үүний үр дүнд дээр хэлсэнчлэн барилгын материалын үнэ ханш буурах, хямд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм.

Одоогоор “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс 500 га орчим газрыг хамарч байгаа бөгөөд хэтдээ бүсийн орчмоор тойрч 15-20 мянган хүн амьдрах суурьшлын бүс байгуулах юм гэсэн. Энэ хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс Сүхбаатар өртөө хүртэл 25 км төмөр замын бүтээн байгуулалт, дулааны цахилгаан станц, орон сууц, зочид буудлын цогцолбор, боловсруулах үйлдвэр барихаас гадна том агуулахын худалдаа эрхлэх асуудал яригдаж эхэлжээ. Ийнхүү энэ хэсгийн дэд бүтцийг шийдэж, худалдаа, суурьшлын томоохон бүс бий болгох нь. 

Алтанбулагийн чөлөөт бүс ОХУ-ын зах зээлтэй ойр нь гол онцлог бөгөөд Монгол, ОХУ-ын хил орчимтой ойролцоо амьдардаг  ОХУ-ын иргэдийн сарын орлого 1000 ам.доллар орчим учраас худалдан авах чадвар сайтай. Тиймээс худалдааны бүсээр дамжуулж энэ зах зээлд нэвтрэх нэг гарц болно гэгдэж буй.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж