Автобусны осолд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.25-нд нийтлэгдсэн

Автобусны осолд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас Улаанбаатар хот руу зорчигч тээвэрлэж явсан “Дайчин Сүх” ХХК-ийн том оврын автобус энэ сарын 21-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт осолдож улмаар зургаан хүн нас барж, 40 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтсэн.

Уг ослын дараа холбогдох албаныхан хуралдаж, Зам тээврийн дэд сайд Х.Ержанаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон тус хэрэг дээр ажиллаж эхэлсэн юм. Ажлын хэсгийнхэн хамгийн түрүүнд хохирогчдын эрүүл мэндэд анхаарч, бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллахаа мэдэгдсэн.

Өчигдөр ажлын хэсэгт багтсан “Дайчин Сүх” компанийн захирал  Б.Нацагдоржийг ГССҮТ дээр ажиллаж байх үед нь уулзаж ярилцлаа.

-Өнөөдрийн /06.24-ны/ байдлаар нөхцөл байдал ямар байна. Осолд өртсөн иргэдийн биеийн байдал ямар байна?

-Осолд өртсөн иргэдийг үзлэг, оношлогоонд оруулсан. Одоогийн байдлаар нийтдээ 22 хүнийг томографийн оношлогоонд хамрууллаа. Өчигдрийн /06.23-ний/ хувьд томографийн оношлогоо хийлгэх шаардлагтай 15 хүнийг хамруулсан. Өнөөдөр 7 хүнийг нэмж томографийн оношлогоо хийлгэлээ.

-ГССҮТ-ийн эмч нарын мэдээлснээр ирэх долоо хоногт зарим хохирогчдыг хагалгаанд оруулна гэсэн.

-Тийм. Одоо томографийн оношлогооны хариугаар тэдгээр иргэдийн асуудлыг шийднэ. Урьдчилсан оношлогоогоор дөрвөн хүнд хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Шинжилгээний хариуг харж байж эмч нар хагалгааг хийх байх.

-Тээвэрлэгч компанийн зүгээс эхний ээлжинд иргэдийн эм тариа, эмчилгээний асуудлыг бүрэн хариуцна гэсэн асуудлыг ярьж байсан. Өнөөдөр эм тарианы хувьд хэр хангалттай байна?

-Манайх иргэдэд шаардлагатай эм тариаг хариуцан ажиллаж байгаа.  Манай хамт олон ГССҮТ-д хоёр ээлжээр 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа. Компанийн зүгээс бид шаардлагатай бүхнийг хийж байна.

-Хохирогчдын ар гэрийнхэнтэй холбоотой байгаа юу?

-Хохирогчдын ар гэрийнхэнтэй болон энд байгаа сахиуруудтай бүгдтэй нь холбоотой ажиллаж байгаа. Автобус унаа, эм тариа гээд шаардлагатай бүхнээр үйлчилж байна.

-Ослын улмаас нас барсан зургаан иргэний буяны ажил болж байгаа. Энд танай компанийн зүгээс хэрхэн оролцож байгаа вэ?

-Нас барсан зургаан иргэний нэг хүн нь хотын харьяатай таван хүн нь Сүхбаатар аймгийн иргэд байсан. Бид Сүхбаатар аймаг руу нас барсан иргэдийн ар гэрийнхэнд унаагаар үйлчилж байгаа. Өнөөдрийн байдлаар хүн бүртэй уулзаж амжаагүй. Ямар ч байсан эргээд холбогдоод явна.

-Тухайн автобусыг жолоодож явсан хоёр жолоочийн эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ. Автобусны үндсэн жолоочийг саатуулсан гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?

-Хоёр жолоочийн биеийн байдлын тухайд тэд хүнд гэмтээгүй. Нэг жолооч нь эмнэлэгт байгаа. Нөгөө жолоочийг нь цагдаагийн байгууллагынхны өгсөн мэдээгээр саатуулагдсан гэж байсан. Би уг осол гарахад Замын-Үүдэд байсан. Энэ талаар сонсоод яаралтай ирсэн. Одоогоор осол гарах үед жолоодож явсан жолоочтойгоо уулзаж амжаагүй байна. ГССҮТ-д эмчлүүлж байгаа жолоочтойгоо уулзсан. Тэрбээр шаардлагатай эмчилгээг хийлгэж байгаа.

-Уг ослын дараа ажлын хэсэг байгуулагдсан. Та ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. Эхний ээлжинд ямар ажлуудыг хийхээр яригдаж байна?

-Ажлын хэсгээс хохирогчдод нэн тэргүүнд шаардлагатай эм тариа, эмчилгээний асуудлыг хариуцан гаргаж байна. Мөн даатгалын асуудал болон цаашид гарах хүндрэлүүд дээр ажиллахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар ЭМЯ, ГССҮТ-тэй хамтран бүгд шуурхай ажиллаж байна.

-“Тэнгэр” даатгал компаниас осолдсон автобусанд зорчиж явсан 21 иргэнд /орон нутгийн тээвэрт иргэд сайн дураараа амь насны даатгалд хамрагддаг бөгөөд тухайн автобусанд зорчиж явсан 21 иргэн энэхүү даатгалыг төлсөн байжээ/ мөнгөн нөхөн олговор өгөхөөр болсон. Харин жолоочийн хариуцлагын даатгал байсан гэж яригдаад байгаа ч хаана даатгуулсан талаар тодорхойгүй байлаа. Танай компани жолоочийн хариуцлагын даатгалыг хаана хийлгэсэн бэ?

-Манай компани “Соёмбо” даатгалын компанитай хамтран ажилладаг. “Соёмбо” даатгалд жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэсэн. Манай нягтлан даатгалын компанид шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байгаа. “Соёмбо” даатгал энэ асуудлыг шийдэж өгнө гэсэн мэдээлэлтэй байгаа.

-“Дайчин Сүх” компанийг орон нутгийн нийтийн тээвэрт туршлагагүй компани гэсэн мэдээлэл гарсан. Хуучин компанийн нэр дээр одоогийн удирдлагууд нь энэ компанийг бий болгосон гэдэг мэдээлэл байна. Танай компани хэдэн оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ. Жолооч нарын хувьд хэр туршлагатай хүмүүс вэ?

-Манай компани 2010 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Бидэнд дөрвөн жилийн туршлага байна. Жолооч нарын хувьд бүгдээрээ мэргэшсэн сайн жолооч нар.

-Нийт хэчнээн автобустай орно нутгийн тээвэрт үйлчилгээ явуулдаг вэ?

-Найман автобусаар үйлчилж байна.

-Осолдсон автобусны жолооч нар хэр тушлагатай хүмүүс байсан бэ?

-Осолдсон автобусыг барьж явсан жолооч бол найман жил нийтийн тээвэрт ажиллаж байгаа туршлагатай жолооч.

-Тухайн автобусыг техникийн бүрэн бүтэн байдал хангалгүй үйлчилгээнд гарсан гэж яригдаад байгаа. Урьдчилсан байдлаар ослын шалтгаан юу гэж гарсан бэ?

-Манай компани автобуснуудаа үйлчилгээндээ гаргахдаа дүрэм журмынх нь дагуу механикаараа шалгуулан шаардлага хангасан тээврийн хэрэгслээр л иргэдэд үйлчилдэг. Түүнээс биш техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй автобусаар Улаанбаатар хотоос 565 км туулан Сүхбаатар хүрдэг буюу нийтдээ 1130 км зам туулах үед бид үйлчлэхгүй.

Ямар ч байсан бид иргэдэд шаардлага хангасан автобусаар туршлагатай жолооч нараар л үйлчилсэн. Хүмүүс осол гарсан шалтгааныг янз бүрээр л ярьж байна. Би ослын газар өөрийн биеэр очиж үзсэн. Яг одоогоор бол хэлэх найдвартай зүйл алга. Ослын талаар янз бүрийн бодлууд бол байна. Түүнээс биш хүмүүсийн яриад байгаа шиг дугуй нь тасарч унаад жирэмсэн хүмүүс зулбасан гэдэг бол худлаа мэдээлэл.

-Авто тээврийн газраас Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотыг зорьж явсан автобус осолдсон тохиолдолд тодорхой заагдсан журмаараа тухайн аж ахуйн нэгж болоод Сүхбаатар аймгийн авто тээврийн газар хариуцлага хүлээнэ гэж ярьсан.

Сүхбаатар аймгийн тээврийн газрын даргатай холбогдон энэ талаар тодруулахад гурвалсан гэрээ байдаг тухай ярин гурвуулаа  хариуцлага хүлээнэ гэсэн. Энэ ямар учиртай гэрээ байдаг юм бэ?

-Зам тээврийн яамнаас өгсөн зааврын дагуу гурвалсан гэрээ хийгддэг. Тухайн аж ахуйн нэгж, Авто тээврийн үндэсний төв, орон нутгийн тээвэр авто замын газар гэсэн гэрээг хийдэг. Тэр дагуу л гэрээ хийгдсэн.

-Иргэдийн дунд танай компанийг хариуцлагаа хоёр жолоочдоо үүрүүлэх гээд байна гэсэн яриа гарсан.

-Миний зүгээс хоёр жолоочдоо итгэдэг. Мэдээж тийм учраас хүний амь насыг хариуцсан ажлыг итгэл даахгүй, туршлагагүй хүнд өгөхгүй шүү дээ. Энэ хэрэг үнэн зөвөөр шалгагдан тогтоогдох байх. Түүнээс биш хэн нэгэнд нь хэрэг тохох юм уу буруутгах ямар нэгэн бодол байхгүй. Би тухайн осол гарахад барьж явсан жолоочтойгоо уулзахыг хүсч байна. Тэрбээр 20 гаруй оёдол тавиулсан гэсэн. Түүнтэй уулзаж биеийн байдлыг асууя гэсэн ч зав гарахгүй байна. Манай ажлаас ажлын хэсэг гаран бүх асуудлуудыг хөөцөлдөж байгаа.

 

Таван хохирогч ирэх долоо хоногт хагалгаанд орно

ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга  Д.Энхсайхантай уулзан хохирогчдын биеийн байдлыг тодрууллаа.

-Хохирогчдын биеийн байдал ямар байгаа вэ. Өнөөдөр танай төвд хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байна?

-ГССҮТ-д ослын улмаас хэвтэж эмчүүлж байгаа 20 хүн байгаа. Тэдний биеийн байдал харьцангуй сайн байна. Нарийвчилсан шинжилгээний үзүүлэлтүүд гаран өнгөрсөн өдрүүдэд 5-6 өвчтөн дүүргийн гэмтэл, согог судлалын эмч болон мэдрэлийн эмчийн хяналтанд эмнэлгээс гарсан. Хавсарсан гэмтлийн тасагт байгаа мэс заслын дараах 48 цагийн байдалтай байгаа өвчтөний биеийн байдал сайн. Шинжилгээний үзүүлэлтүүд сайн гарсан. Түүний шархны эдгэрэлт маш сайн байгаа. Мөн гурван жирэмсэн эмэгтэй байгаа. Өнөөдөр тэдний нарийвчилсан шинжилгээний хариу гарсан. Бид нэг жирэмсэн эхийг Эх нялхасын төв рүү шилжүүлэхээр бэлтгэл ажлуудаа хийж байна.

-Ослын улмаас тархиндаа гэмтэл аван комын байдалд байгаа эмэгтэй биеийн байдал сайжирсан уу?

-Эрчимт эмчилгээнд байгаа хүний биеийн байдал сайжран тэрбээр ухаан орсон. Нарийвчилсан имра шинжилгээний үзүүлэлтүүдээр түүний биеийн байдал сайн байна. Бид төлөвлөгөөний дагуу эмчилгээг эрчимтэй явуулж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: www.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж