Жуулчид ирэх цагаар зугаалаад байх уу?

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Жуулчид ирэх цагаар зугаалаад байх уу?

-Үзвэр үйлчилгээ муутай, харах үзэх сонин багатай улсад “гуйлгачид” нь аялахаас өөрөөр яах вэ-

Хуртай зуны улирал эхэллээ. Монголын уудам тал, элсэн говь, өндөр уулс, онгон зэрлэг байгаль, нүүдэлчин ахуйг сонирхохоор гадаадынхны урсгал наашилж байна. Тун удахгүй дэлхийд ганцхан, дэнж хотойлгосон наадам болно. Эрийн гурван наадмыг үзэхээр гадаад, дотоодын зочид ч Монголыг зорин ирэх нь гарцаагүй.

Наадам ойртож байгааг ч хэлэх үү, урин цаг ирсэн болоод ч тэр үү, Улаанбаатарыг зорин ирж буй жуулчдын тоо нэмэгдэж байна. Харин тэдний нүдийг хужирлаж, мөнгийг нь “саах” үзвэр, үйлчилгээ юусан билээ. Монголчууд эзэн Чингис хаан, эх орон, онгон зэрлэг байгаль, олдошгүй  үнэт эрдэнэ болсон эрх чөлөөгөөрөө бахархдаг. Арвин их түүхтэй, асар том амбицтай атлаа монголчуудад гадаадынхны нүд сэтгэлийг баясгах зүйл ерөнхийдөө ховорхон. Урин цаг ирж, жуулчдын урсгал наашилж байхад Улаанбаатарын хамгийн том музейн нэг Байгалийн түүхийн музейд засвар хийгээд “завгүй”. Үндэсний түүхийн музей ажиллаж байгаа ч үзвэр үйлчилгээний хувьд нүд баясгачихамаар нь хомсхон. Үнэндээ бол жуулчид Монгол Улстай танилцаж, интернетээр олж авсан бяцхан мэдээллээ өргөжүүлэхийг хүсдэг.  Харин түүнийг нь бид хэр хангаж чадаж байна вэ?

Үндэсний түүхийн музейн үүдээр оронгуут л цөөнгүй жуулчин ирсэн гэдэг нь илт. Ази, голдуу, тэр дундаа хятад, солонгос жуулчин багагүй байв. Уг музейд ороход нэгэн жуулчин жижигхэн камераар бичлэг хийж харагдлаа. Зураг авах эрхээ авсан жуулчин гэнэ. Зураг авах, бичлэг хийх нь Үн­дэсний түүхийн музейн хувьд арван мян­ган төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Харин үзвэр үйлчилгээний үнийн хувьд том хүн 5000, хүүхэд 1000, оюутан 2500 төгрөг. 

Чойжин ламын му­зейд ороход оюутан 1500, хүүхэд 500, том хүн 5000 төгрөгийн үнэтэй. Видео бичлэг хийх, зураг авах нь 25000-50000 төгрөг хүртэл үнэлгээтэй аж. Чойжин ламын музейн удирдлагын хувьд зураг авах, бичлэг хйихэд тийм ч таатай хандахгүй байгаа нь илт. Амралтын өдөр болохоор тэгсэн үү, тус музей гадаадын жуулчин багатай байлаа.

Улаанбаатарт ирсэн гадаадынхан цөөн хэд­хэн музейг маань үзэхэд нэг өдрийн хагасыг зар­цуулдаг шинжтэй. Тэ­гээд Зайсан гарч, Гандантэгчинлэн хийдэд тагтаа хооллоод л гүйцээ. Нэг жуулчин Монголд орж ирэхэд түүнийг дагаад 100 хүн хөдөлгөөнд орж, цалинждаг гэсэн судалгаа бий. Тэгтэл бидний байгаа царай энэ. Энэ байдлаараа бол Улаанбаатарт гадаадынхны мөнгийг “саах” юу ч алга. 

Соёл урлагийн тоглолтын хувьд Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид бүтэн зунжингаа үндэсний үзүүлбэртэй хөтөлбөрөөрөө нүүр тахалдаг болоод удаж байгаа. Харин бусад театр амралтаа аваад, үүдээ түгжээд алга болдог. Энэ жилийн хувьд УДЭТ-ын хамт олон ирэх есдүгээр сар хүртэл тодорхой урлагийн хөтөлбөргүй, УДБЭТ ирэх долдугаар сард “Жизель”, “Хунт нуур” зэрэг дэлхийн сонгодгуудыг тавихаар зэхжээ. Уг нь үндэсний соёлтой холбоотой тоглолт бэлт­­гэсэн бол зүгээр байж уу гэсэн бодол төрс­нийг нуух юун. Жуулчдаар дамжуулан бид дотоод­доо гадаад валют эргэлдүүлж, жуулч­­даар дамжуулан дэл­хийд өөрсдийнхөө өв соёлыг сурталчлан таниу­лах боломжтой. Гэтэл Монголыг зорьж ирсэн жуулчин дахиж ирэх хүсэл хэр төрдөг бол? 

Ядахнаа л баяр наад­мын үеэр ирсэн зочид гийчиддээ ан­хаарал тавьж, энэ өд­рүүдэд урлаг соёлын арга хэмжээгээр жуулч­дын нүдийг баясгаад өнгөрдөг бол­моор бай­на. Өглөө нь наадам үзсэн жуулчид орой нь Монголын үүх түүх, уламжлал ёс заншил, урлаг соёлыг харуулсан тоглолтууд үзвэл сэтгэлд арай л өөр ертөнц төсөөлөгдөх байх.  Наад­мын дараа намар хүртэл амраад алга болох биш  улирлын чанартай жуулчдад зориулсан урлаг соёлын тоглолтоороо гадаадынхны мөнгийг саах боломжийг ашиглавал ямар вэ. Үзвэр үйлчилгээ муутай, харах үзэх сонин багатай улсад “гуйлгачид” нь аялахаас өөрөөр яах вэ.

Э.ТЭМЛҮҮН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №067

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж