Сум бүрт цагдаагийн кобан барихыг гишүүд дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Сум бүрт цагдаагийн кобан барихыг гишүүд дэмжлээ

Хууль зүйн байнгын хороо үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр боллоо.

Байнгын хорооны гишүүд цагдаагийн байгууллагыг бэхжүүлэх, ажилтнуудын орон тоог нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч, төсвийн тодотголоор нэмж суулгах  талаар санал хэлж байсан.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар бүсийн давтан сургалтын төвүүдийг байгуулж, сургалтын тогтолцоог бий болгоно гэдэг нь эдийн засаг нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй ямар хамааралтайг тодрууллаа. Хил хамгаалах байгууллагын холбоо мэдээллийн тогтолцоо, техник хангамж, зэвсэглэлийг шинэчлэх цогц арга хэмжээ авах, архивын барилга барих зэрэг нь мөн адил. Оруулж ирж байгаа асуудлаа  арга зүйн талаасаа шинэчилэх  хэрэгтэйг санууллаа.
 
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Оюунхорол, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва нарын гишүүд алслагдсан сум суурин, нийслэлийн дүүрэг хороодод цагдаагийн кобан барьж байгуулахад зориулж 6 тэрбум төгрөгийг нэмж тусгах санал гаргаж, Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ.  Одоогийн байдлаар улсын хэмжээнд 40 гаруй газар цагдаагийн кобан барьсан бөгөөд зарим нь төсөв хөрөнгө  хүрэхгүйгээс  барьж дуусаагүй байгаа  талаар ХЗДХ-ийн сайд хэлж байсан. Сум бүрт нэг хэсгийн төлөөлөгч, нэг цагдаа байдаг. Ажиллахаар очиход амьдрах газар байхгүй, Засаг даргын Тамгын газрын байрны буланд ажлаа явуулдаг, ажлын нөхцөл хангалтгүй байдгийг харгалзан  2003 онд  цагдаагийн кобаны үлгэрчилсэн зураг гарган, Төв аймгийн Баянчандмань суманд анх туршилтаар барьжээ. Хорооны кобан барихад  76 сая төгрөг, сумын цагдаагийн кобанг 46 сая төгрөгөөр босох тооцоо байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч  цагдаагийн кобан барихаар тусгасан байна. Байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд хамаарах асуудлуудад тусгахдаа нийт 40 кобаныг барихаар тусгасаныг нэр бүхий гишүүдийн саналаар нэмж тусгахаар дэмжигдлээ.

 Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг  сонслоо. Санал дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцууллаа.
Малын гарал үүслийн гэрчилгээ олголттой холбоотой холбогдох хуулиудын давхардал зөрчлийг арилгах, гэрчилгээг улсын хэмжээнд нэг загвартай болгон коджуулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэгтгэн, гэрчилгээг олгодог багийн Засаг дарга, мал эмнэлэгийн эмч нарт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг  дүгнэлтэнд дурджээ.

Түүнчлэн нийслэл хот руу  орон нутгаас нэвтрэн орж ирдэг Баянзүрхийн болон хорин хоёрын товчоодыг одоогийн байрлалаас цаашлуулж, хяналт шалгалт явуулахад тохиромжтой газарт байршуулахын зэрэгцээ камер суурилуулан, тэнд ажиллах байцаагчдын орон байр, мал махыг хураах хөргөлттэй агуулах, тээврийн хэрэгслийг саатуулах талбай, орон нутгийн орлогод хураан авах, эрүүл ахуй,  аюулгүй байдлын чанар хангаагүй бүтээгдхүүн, түүхий эдийг усгтах зориулалт бүхий цэг, бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хууль тогтоомжийн хүрээнд хийх ажил, үйлчилгээ явуулах нөхцөл боломжоор бүрдүүлэхээр тусгажээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ‘’ Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол…’’ гэсэн заалтаас үүдэж, эрх зүйн хийдлийг ашиглан, гэмт этгээдүүд 108.000 төгрөгнөөс доош хохирол учруулсан удаа дараагийн үйлдлээр захиргааны шийтгэл хүлээж, иргэдийг малыг хулгайлах нь ихэсч, ял завших боломж олгож байгаа тул дээрх заалтад ‘’  урьд нь захиргааны шийтгэл хүлээсэн этгээд энэ төрлийн зөрчил давтан гаргасан бол’’ гэсэн заалт нэмж оруулахаар тусгасан байна.
 
Харин УИХ-ын гишүүн З.Энхболд хэлэхдээ Зүүнхараад малын хулгай алга болсон байна. Тэнд мал нядалгааны цех ажиллуулсан нь үр дүнтэй болжээ. Тамгагүй малыг лангуун дээр заруулахгүй  Тэнд иргэдэд нэг богийг  3000, нэг бодийг 8000 төгрөгөөр нядлаад,  малын гарал үүслийг тодорхойлсон  тамгатай бичиг өгдөг. Малаа нядлахын өмнө дүрс бичлэгийг хийн, архивлаж үлддэгээс хулгайд алдсан малаа эндээс олох боломжтой. Захуудад зөвхөн нядалгааны цехийн тамгатай бичигтэй махыг худалдаалахыг зөвшөөрдөг. Ийм нядалгааны цехтэй болбол малын хулгайтай тэмцэхэд том дэвшил болно гэж үзэж байгаагаа З.Энхболд гишүүн хэлсэн.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дээрх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ойрын үед цагдаагийн байгууллагаас ажлын баг гарган, газар дээр нь туршлага  судалж, санал боловсруулж,  Байнгын хороонд эргэн мэдээлэхээ  амаллаа.
 Байнгын хорооны гишүүд 10 мянгаас доошгүй хүн амтай сум суурин газарт дээрх төрлийн мал нядалгааны цех барьж байгуулахыг дэмжсэн Байнгын хорооны тогтоол гаргахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж