Яагаад Н.Номтойбаярын гэр бүлийг баяжуулах ёстой юм

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Яагаад Н.Номтойбаярын гэр бүлийг баяжуулах ёстой юм

УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдах гэж буйтай  холбогдуулан өнөөдөр /2014.06.30/ Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга, мэдээллийн эхэнд байгалийн баялгийг шударга хувиарлах зарчим алдагдсаны дээр маргаантай байгаа лицензийн асуудал одоо болтол шийдэгдээгүй атал “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг батлах гэж яарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.

Г.Уянга гишүүн энэ талаар "Стратегийн чухал ордуудад төр хувиа эзэмшээд түүнээсээ ард иргэдэд хувь хүртээх нь зөв. Мөн байгалийн баялагтай ордоо төр үнэлэх ёстой. Үнэлсэн үнэлгээнийхээ дагуу хамтарч эзэмшдэг болох хэрэгтэй. Газар дээрх болон доорх баялаг нь ард түмний өмч гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Гэтэл тэр их баялагийг цөөн хэдэн мөнгөтэй хүмүүст хувиарлаж өгөх заалтыг Ашигт малтмалын тухай хуулинд тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл.  Цагаан суваргын орд ч мөн ялгаагүй. Тэр ордоос ард түмэн хувиа хүртэх ёстой. Яагаад тус орд ганц Н.Номтойбаярын гэр бүлийг баяжуулах ёстой юм" гэлээ.  Мөн хайгуулын лицензийг сэргээх талаар ч уг хуулийн төсөлд тусгасан байна. Үүнийг Л.Цог болон Г.Уянга гишүүд эрс үгүйсгэж буйгаа илэрхийллээ. Учир нь замбараагүй тараагдсан өмнөх хайгуулын лицензээ цэгцэлж чадаагүй байж нэмж зөвшөөрөл олгох нь буруу гэлээ. Монголын ард түмэнд ноцтой аюул учруулсан улс орныг хохироосон уг хуулийн төслийг батлуулахгүйн төлөө өөрсдийн харъяалагддаг "Шударга ёс" эвслийн бүлгийг тууштай байж маш хатуу байр сууринаас хандах ёстой гэлээ. Хэрвээ тэгэж чадахгүй бол хэд, хэдэн гишүүн "Шударга ёс" эвслийн бүлэгт байх үгүйгээ шийднэ гэв. Хэрвээ "Шударга ёс" эвслийн бүлэг тууштай байж чадаад уг хуулийг ард түмний талд батлуулж чадвал  тус бүлгийн сонгуулийн амлалт ч биелэнэ гэж үзэж байгаа аж.

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж