Б.Болор гишүүн жижиг л байна даа…

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Б.Болор гишүүн жижиг л байна даа…

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан дээр гишүүн Б.Болор бухимдал илэрхийлжээ. Тэр нь хаа байсан ГХЯ-ны газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн талаар байв.

Хэд хоногийн өмнө ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргыг өөрчлөх шийдвэр гарсан бөгөөд үүнд Б.Болор бухимдаж байгаагаа тийнхүү бүлэг дээрээ илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Энэ асуудал АН-ын бүлгийн хурал дээр яригдах ёстой асуудал ер нь мөн үү?

Засгийн эрх авсан аль ч нам яам, агентлагийн даргаар өөрийн боловсон хүчнээ томилж бодлого хэрэгжүүлэх багаа бүрдүүлдэг ч дунд, доод шатныхан төрийн жинхэнэ албан хаагч гэдгээрээ энэ томилгооны гадна үлдэх хуультай. Гэсэн хэдий ч дунд шатанд албан тушаал хашиж буй нөхдүүдэд ажлын хариуцлага тооцож болохгүй, ажлыг нь өөрчилж болохгүй гэсэн үг уг нь биш. Тийм байтал сүүлийн үед төрийн албаны дунд шатанд тодорхой албан тушаал хашиж, эрх мэдлийн амтыг зах зухаас нь мэдэрсэн нөхдүүд байр сууриа тавьж өгөхөөс эрс татгалздаг зуршил газар авчээ. Юун түрүүн төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн харьяаллаар халж солилоо, хууль бус шийдвэр гаргалаа гэсэн үндэслэл хэлж, хэвлэл мэдээллээр гомдол тавин гүйдэг. Ингээд ч зогсохгүй тушаал, шийдвэр гаргасан даргынхаа эсрэг баримт нотолгоогүй, үнэн худал зүйлийг ярьж, тодорхой эрхмэдэлтэн, улстөрчдөд гомдол мэдүүлэн талдаа татах гэдэг технологитой болжээ.

Яг энэ жишгээр ГХЯ-ны газрын даргаас чөлөөлөгдсөн С.Сүхболд уг шийдвэрийг сонссон даруйгаа Л.Болд сайдын эсрэг гомдол өргөхөөр хамгийн түрүүн УИХ-ын гишүүн Б.Болор дээр очсон гэнэ лээ. Угаасаа нэг дор буюу ГХЯ-нд хамт ажиллаж байсан найзын хувиар Б.Болор гишүүн түүний үгээр хөдөлж, УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хурал дээр хаа байсан нэг яамны газрын даргын халагдсан асуудлыг хөндөн ярьж онигоонд орсон юм байна. Гадаад яамны хөрөнгө санхүү, хүний нөөц, тендер гээд олон асуудлыг хариуцахын хэрээр үүнийгээ эрх мэдэл болгон ашиг сонирхлын зөрчлөөр ажиллаж байсан газрын даргаа өөрчлөх эрх мэдэл сайд болоод Төрийн нарийн бичгийн даргад нь баймаар л юм. Төсөв нь батлагдаагүй байхад дур мэдэн тендер шалгаруулдаг, хүний нөөцтэй холбоотой тушаал шийдвэр гаргахдаа “гар хардаг” гээд олон л асуудал С.Сүхболд дээр яригдаж байгаа юм билээ. Ийм хүнд удирдлага нь арга хэмжээ авлаа гэж уурлаж бухимдаж байгаа Б.Болор гишүүнд түүнийг хамгаалах эрх ашгийн сонирхол байж болох ч АН-ын бүлгийн хурал дээр хэлэлцүүлнэ гэвэл арай “жижиг” байна даа…

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж