7 сарын 1 болоход 1 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

7 сарын 1 болоход 1 хоног үлдлээ

Түрүүч нь

Хоёр жилийн өмнөх зургадугаар сарын 30

Шинэ парламентын бүрэлдэхүүнд өөрийгөө, өөрийнхөө намыг багтаасан нэр дэвшигчид саналын дүн гарахыг тэсэн ядан хүлээх нам гүмхэн энэ шөнийн гол баяр баясгалан Ардчилсан намын байранд цугларч байлаа. Намынхаа байрны өмнө зассан задгай талбайд тус намын лидерүүд цугларан "Евро 2008" хөлбөмбөгийн шөвгийн тоглолт үзэж, шар айраг шимсэн шиг суух тэднийг сонгуулийн ялалтын мэдээ улам бүр хөгжөөх аж. Зургадугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтий аймагт ялалт байгуулж, мөнөөх хэзээ ч өнгөө сольдоггүй гэдэг Ховд, Увсын сонгогчид ч Ардчилсан намыг сонгосон гэх мэдээ тэднийг ийн баярлуулахад хүргэв. Харамсалтай нь өөр зуураа баярын мэндчилгээ дэвшүүлж “Ялалт бидний талд” хэмээн огших тэдний талархал удаан үргэлжилсэнгүй. Ард түмэн үнэхээр Ардчилсан намынхныг баярлуулан гомдоов уу, МАХН-ын ах нар буурь суурийнхаа хүчээр үл илрэх хор найруулсан эсэх нь өдгөө ч илрээгүй байгааг та бид мэднэ.

Ийн зургадугаар сарын 30-ны өглөө мөнөөх баярлаж байсан Ардчилсан намын лидерүүдийн царай барайж, үүрийн зургаан цагт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр "МАХН-ын нэр дэвшигчид хөдөөгийн 56 мандатад өндөр хувийн ялалттай байх магадлал өндөр байна. Гэхдээ санал тоолох ажиллагаа хараахан дуусаагүй учраас зарим аймгийн дүн мэдээг хүлээж байна. Баттай ялалттай аймгийг дурьдвал Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Сүхбаатар, Увс, Төв аймаг гарч байна" хэмээн мэдээлэв. Шөнийн турш нам гүмхэн байж, сэтгүүлчдийн цувааг холхон байлгахыг даалгаж, хариуцлагатай хүлээлтийн ард гарахыг хүссэн МАХН-ын лидерүүд ийн хөдөлгөөнд орох нь тэр. Харин таарсан хүн бүрээ ширээнд урьж, сэтгүүлчдийн армитай баярын сэтгэгдлээ хуваалцаж, хөлбөмбөгийн алаг бөмбөгтэй хамт ялалтын уухай түрж байсан Ардчилсан намынхан таг чиг, нам гүм болж, гагцхүү ялагдсан улстөрчийн түмэн зовлон ярих үүрэгтэй үлдэх нь энэ ээ. Гэсэн ч тэд хий дэмий л өглөөний 09 цагт мэдээлэл хийж, "МАХН-ын найман аймагт ялалт байгуулсан нь худлаа" гэх ойлгомжгүй няцаалт хийгээд авсан.

Тэднийг ингэж сонгуулийн хариу эцэслэн гараагүй байгааг далимдуулж, өөрсдийгөө өмгөөлөх хор хутгуурын тухай зохиол бэлтгэн суух зуур МАХН дахиад л 12 цаг 40 минутад хэвлэлийн бага хурал зарлаж, Ё.Отгонбаяр "Манай нам УИХ-д 38 суудал авах боломжтой боллоо" гэсэн бол МАХН-ын дарга С.Баяр дахин 18 цагт хэвлэлийн бага хурал зарлав. Тэрбээр энэ үеэр "МАХН-аас нэр дэвшигчид энэ удаагийн сонгуульд 51 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Монгол Улсын иргэд бид тав дахь удаагаа ардчилсан сонголт хийж байгаа. Өмнөх жилүүдэд сонгуульд хэзээ ч гарч байгаагүй үнэмлэхүй ялалтыг энэ удаад МАХН анх удаагаа авсан тухай мэдээг нийт намын дэмжигч, гишүүд, Монголын ард түмэндээ бүр    цаашлаад дэлхий нийтэд албан ёсоор мэдээлж байгаадаа баяртай байна. МАХН-ын төлөөлөл болсон нэр дэвшигчдийг дугуйлсан Монголын бүх сонгогчид, тэр дундаа ахмад үе залуучууддаа баярлалаа" хэмээлээ.

Энэ үед МАХН байр тэр чигтээ ахмад настнуудын талархал, намын гишүүдийн алга ташилтад умбаж байв. Намдаа хайртай тэдний итгэл үнэмшил социализмын үеийн магтаал дуу мэт харагдах агаад алга ташилтын хэмнэл, баяр талархлын үгс нь С.Баяр гэдэг хүн МАХН-д ялалт авчирсан гэдэг авиа үгээр дүүрэн байсан гэхэд болно. Харин шөнөжин хөлбөмбөгөөр хөөрцөглөж, хөнгөн мэдээнд догдолсон Ардчилсан намынхан таг чиг болчихов. Шөнийн найрандаа шартсан уу, шуурхай мэдээнд хууртсандаа эмзэглэсэн үү бүү мэд. Намынх нь байр хаалттай, намынх нь лидерүүд нүүр буруулан зугтсан гэхэд болно. Гагцхүү МАХН-ын гишүүдийн адил намдаа хайртай гишүүд нь л "Нам одоо ингээд өнгөрлөө. Нам байхгүй боллоо. МАХН биднийг луйвардлаа" хэмээн бөөн бөөн гомдолтой сэтгэлээ өвтгөж, итгэл үнэмшлээ хамгаалахаар тойрон эргэлдэх нь тэр үеийн тод томруун дүр зураг болж өгсөн юм.

Гэсэн ч энэ үед хэвлэлийн нэгэн том баатар тодорсон нь Иргэний эвслээс Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Ж.Батзандан байв. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн xoрооноос санал хураалтын хайрцгийг авч зугтсан нь энэ. Мөн Бүгд найрамдах намын дарга, нэр дэвшигч Б.Жаргалсайхан ч бөөн уур хилэн байх агаад тэрбээр О.Магнайг бухимдагсдын эгнээнд шилжүүлэх төлөвлөгөөг энэ үедээ бодож олсон байж болох. Учир нь 2008 оны зургадугаар сарын 30-ны тэмдэглэл МАХН-ын ялалт, Ардчилсан намын тээнэгэлзээ хийгээд Сонгинохайрхан дүүргээс Б.Жаргалсайхан, О.Магнай нарын удирдсан сонгуулийн дүнг эсэргүүцэгчдийн арми хотын төв рүү чиглэснээр өндөрлөх ажээ. Ердөө маргааш нь буюу 7-р сарын 1-нд юу болсоныг дараагийн дугаараас уншаарай.

Г.Отгонжаргал.

Зохиогчийн эрх:

“Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж