Өсвөрийн хөлбөмбөгчид түүхэн амжилтыг үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.07.19-нд нийтлэгдсэн

Өсвөрийн хөлбөмбөгчид түүхэн амжилтыг үзүүллээ

Хүүхдийн хөлбөмбөгийн клубүүд оролцдог "Gothia Cup" тэмцээний хөвгүүдийн 16 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Монгол Улсын Г.Мөнхчулуун эзэнтэй "FC Deren Sumida" баг амжилттай тоглож, "В" хэсэгт Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, шилдэг дөрөвт шалгарч хүрэл медаль хүртлээ.

 

Энэ сарын 13-19-ний өдрүүдэд Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй орны 1600 гаруй клуб оролцсон "Gothia Cup" тэмцээн боллоо. 39 дэх удаагийн хөвгүүд, охидын "Gothia Cup" тэмцээнд Монгол Улсаас хөвгүүдийн 12 болон 16 насанд "Дэрэн" клубийн хоёр баг оролцож, өндөр амжилтыг үзүүллээ.

Хөвгүүдийн 12 хүртэлх насанд өрсөлдсөн "Дэрэн" баг хожигдол хүлээснээр цааш өрсөлдөх боломжгүй болсон.

Харин 16  насны ангилалд өрсөлдсөн "Дэрэн" клубийн тамирчид "B" хэсэгт өндөр амжилтыг үзүүллж, хүрэл медаль хүртэв. Хөвгүүдийн 16 насанд 32 улсын 190 баг оролцож, 47 хэсэгт хуваагдсан бөгөөд Монгол Улсын "Дэрэн" баг 15-р хэсэгт Шведийн хоёр, Норвегийн нэг багуудтай багтсан. Хэсэгтээ Норвегийн багийг 3-0-ийн харьцаагаар хожиж, Шведийн хоёр багт хожигдсоноор (4-1, 1-0) гурван оноогоор гуравдугаар байрт шалгарав. Энэ хэсгийг зохион байгуулагч Шведийн хоёр баг долоон оноотой тэргүүлж, "А" хэсэгт өрсөлдөх эрхийг авсан. "А" хэсэгт хэсэг бүрийн эхний хоёр багууд нийлээд 90 баг, "В" хэсэгт 91-190 багууд багтсан. 

Хэсэгтээ гуравдугаар байрт шалгарсан "Дэрэн" баг В хэсгийн плэй-оффт дахин тоглосон.

"Дэрэн" баг "В" хэсгийн 1/64-т Энэтхэгийн "Phonenix Sports" клубийн багийг 5-4-ийн харьцаагаар хожиж, шөвгийн 32-т багтсан.

Цааш хасагдах шатны 1/32-т Шведийн "IFK Umeå" багийг 7-5-ийн харьцаагаар хожиж, шөвгийн 16-д шалгарсан. 1/16-ийн тоглолтод Германы "TSV Buchholz 08" багийг 2-0-ийн харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Улмаар Норвегийн "IL Bjarg" багийг 3-1-ийн харьцаагаар хожиж, шилдэг дөрөвт шалгарч, "В" хэсгийн хүрэл медалийн болзлыг хангажээ.

"В" хэсгийн шигшээд өрсөлдөх шийдвэрлэх тоглолтод "Дэрэн" баг тэмцээнийг зохион байгуулагч орны "IFK Lidingö FK" клубийн багт 0-2-ийн харьцаагаар ялагдлаа. Манай багийг хожсон зохион байгуулагч орны "IFK Lidingö FK" баг нутгийн GAIS багийг 4-2-ийн харьцаагаар хожиж, "В" хэсгийн аваргаар шалгарчээ.

 

"Дэрэн" багийн тоглолтын үр дүнг танилцуулья. 

Хэсгийн тоглолт: 32 орны 190 баг 47 хэсэгт хуваагдсанаас "Дэрэн" баг 15-р хэсэгт Шведийн хоёр, Норвегийн нэг багтай багтсан.

Долдугаар сарын 14:

Gerdskens BK   FC Deren Sumida 4 – 1

Долдугаар сарын 15: 

FC Deren Sumida   Eskilstuna City FK 0 – 1

Долдугаар сарын 16: 

FK Lillehammer 1   FC Deren Sumida 0 – 3
FC Deren Sumida   Phoenix Sports 1 5 – 4 P

"Дэрэн" баг хэсэгтээ нэг хожил, хоёр хожигдол авснаар гуравдугаар байраар шалгарч, "В" хэсэгт өрсөлдлөө. Цааш "Дэрэн" баг Энэтхэгийн багийг хожиж, хасагдах шат буюу 1/64-д шалгарлаа. Улмаар:


Долдугаар сарын 17:  1/32.

FC Deren Sumida   IFK Umeå 7 – 5 P

Тоглолтын 19.50 дахь минутад 8 дугаартай тоглогч А.Тэмүүжин эсрэг багийн хаалганд эхний гоол оруулсан бол тоглолтын 21.05 дахь минутад 5 дугаартай В.Мөнхжаргал, 34.30-д А.Нармандах нар гоол оруулсан юм. Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон байна. Ингэснээр "Дэрэн" клубын Д.Билгүүн, Б.Батмөнх, М.Жансерик, Х.Энхзориг нар цохилтоо амжилттай гүйцэтгэснээр Шведийн IFK UMEA багийг буулган авчээ.

1/16:

  TSV Buchholz 08   FC Deren Sumida 0 – 2  

Тоглолтын 32.22 дахь минутад довтлогч П.Энхбаяр эхний гоолыг оруулсан бол тоглолтын 41.41 дэх минутад 8 дугаартай довтлогч А.Тэмүүжин хоёр дахь гоолыг орууллаа.

 

Долдугаар сарын 18: 

1/8 финал.

Månsarps IF   FC Deren Sumida 0 – 4

1/4-ийн финал.

FC Deren Sumida   IL Bjarg 3 – 1

Хагас шигшээ тоглолт:

  IFK Lidingö FK   FC Deren Sumida 2 – 0

Манай багийг хожсон зохион байгуулагч орны "IFK Lidingö FK" багийн хувьд нутгийн GAIS багийг 4-2-ийн харьцаагаар хожиж, "В" хэсгийн аваргаар шалгарлаа. Ийнхүү хөвгүүдийн 16 насанд өрсөлдсөн "FC Deren Sumida" клубийн "Дэрэн" баг "В" хэсэгт өрсөлдөж, шилдэг дөрөвт багтаж, хүрэл медаль хүртлээ. Тодруулахад, дөрөвдүгээр байрт шалгарсан хоёр багт хоёуланд нь хүрэл медаль өгдөг аж.

Ийнхүү Монголын өсвөрийн хөлбөмбөгчид дэлхийн шилдэг үеийнхээ тамирчидтай өрсөлдөж, өндөр амжилтыг үзүүллээ. Тэмцээний талаарх мэдээллийг www.gothiacup.se-с аваарай.

Ч.БОЛОР

 

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж