“Алтаргана” наадмын санаачлагч нь халх бүсгүй

Хуучирсан мэдээ: 2014.07.20-нд нийтлэгдсэн

“Алтаргана” наадмын санаачлагч нь халх бүсгүй

Хэнтий аймгийн Дадал суманд 11 дэх удаагийн “Алтаргана” наадам сайхан болжээ. Мэдээллийн түрүүч ирж байна. Шавар ус их, машин тэрэг суусан гэж жигтэйхэн ч уцаарлаж бухимдсан хүнгүй, дор бүрнээ нүүрэндээ баяр тодруулсан наадамчид хамтын хүчээр саадыг давсаар байсан аж.


Уг наадмын албан ёсны нээлт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Гадаад харилцааны яаманд 16-нд болох үеэр нэгэн шинэ мэдээлэл олсон юм. Буриад зоны хүсэн хүлээдэг, монгол туургатанд алдаршиж, улмаар удахгүй дэлхийд нэртэй соёлын наадам болох төлөвтэй байгаа энэхүү наадмыг халх бүсгүй санаачилж, Хэнтийн аймгийн тухайн үеийн Засаг дарга Балдандорж дэмжиж гарааных нь шанг татсан юм билээ. Санаачлагч эмэгтэйн нэр Б.Мөнхжаргал. Тэрбээр тэртээ 1994 онд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт соёл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа энэ ажлыг эхлүүлсэн аж. Зохиогчийн эрхийг нь ч эзэмшдэг ажээ. Өдгөө хувиараа хөдөлмөр эрхэлж, дэлгүүр ажиллуулдаг түүнтэй товч ярилцсан юм.

 

-Та сая хуралд үг хэлэв үү. Хөтөлбөр харахад таны нэр нэлээд дээр байна…


-Намайг санаачлагчийн хувиар мэндчилгээ дэвшүүлээч гэсэн юм. Тэгээд л бэлтгэсэн үгээ хэлээд буулаа.


-“Алтаргана”наадмыг буриадууд санаачилсан гэж бодож байлаа. Гэтэл халх бүсгүй үүсгэн үүсгэн байгуулсан юм байна шүү дээ. Түүхээс товч сонирхуулна уу?


-Би Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт соёл хариуцсан мэргэжилтэн байхдаа санаачилж эхлүүлсэн юм. Санкт-Петербургт соёлын удирдлагын мэргэжлээр дээд сургууль төгсч ирсэн хүн дорвитой, санаачилгатай ажиллах ёстой гэж бодож их хичээдэг байсан юм. Сайтар бодсоны дүнд орон нутаг, хүн ардынхаа онцлогийг шингээсэн арга хэмжээ гэвэл буриад дууны наадам байж болох юм байна гэж бодсон л доо. Энэ тухайгаа Засаг даргадаа хэлэхэд “Төсөв хөрөнгө хэцүү байна. Гэхдээ зохицуулаад зохион байгуулна гэвэл дэмжилгүй яах вэ” гээд тушаал гаргаж байлаа. Төсөвлөж өгсөн багахан мөнгөн дээр нь ивээн тэтгэгчдээс мөнгө цуглуулж байгаад анхны буриад дууны наадмыг явуулахад их гоё болсон.


-“Алтаргана” гэдэг нэрийг та өгөө юү?


-Үгүй ээ. Дадал сумынхан өөрсдөө өгсөн. Над руу утасдаад наадамдаа гоё нэр өгвөл ямар вэ гэсэн л дээ. Ямар нэр өгөх вэ гэж байна. Тэгэхэд нь би өөрсдөө мэд ээ, та нар надас илүү сайн мэднэ гэсэн юм. Тэгэхэд алтаргана гэж хос, бөх иштэй цэцэг байдаг, түүгээр бэлгэдэж нэрлэе гэсэн юм.


-Тухайн үед нэг удаагийн наадам зохион байгуулаад л болоо гэж бодож байсан уу?


-Анх юу ч гэсэн нэг удаагийн наадам зохион байгуулаад үзье гэж бодсон. Санаа бол үргэлжлүүлэх гэлгүй яах вэ. Гэхдээ цаг үе амаргүй байлаа шүү дээ. Яадаг билээ гэж байтал Биндэр сумынхан дараагийнхыг нь хийе гэсэн санаачилга гаргасан. Тэгэхэд баярласан гэж яав аа. Ингээд сум, аймаг, улмаар улс, олон улсын түвшний наадам болж өргөжөөд байна.


-Та Орост сурахаасаа өмнө бүжигчин байсан юм уу. Хүмүүс тэгж хэлсэн…


-Тийм ээ. Миний анхны мэргэжил бүжигчин. ХБДС-ийг 1979 онд бүжигчин мэргэжлээр төгссөн. Аймгийнхаа Хан Хэнтий чуулгад хуваарилагдан нэлээд хэдэн жил ажиллаж байгаад Орост сургуульд явсан юм. Дараа нь аймгийнхаа “Хан Хэнтий” чуулгын даргаар зургаан жил ажилласан даа. Соёл, урлагийн замнал намайг энэ сайхан наадамтай холбосонд их баяртай байдаг. Тэр үеэс эхэлж буриадуудтайгаа их ойр дотно ажиллаж хөдөлмөрлөх болсон. Анх Агад очоод Оросын буриадууд юу яриад байгааг нь ойлгодоггүй байлаа. Одоо бол бүгдийг ойлгоно.


Р.ОЮУНЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж