Хөдөлмөрийн сайд Өмнөговийн ЖДҮ-тэй танилцав

Хуучирсан мэдээ: 2014.07.22-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн сайд Өмнөговийн ЖДҮ-тэй танилцав

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ өдрүүдэд говийн аймгуудад ажиллаж байна. Тэрээр долдугаар сарын 19-нд Говьсүмбэрт ажилласан бол 20-нд Дорноговь аймагт, харин өчигдөр Өмнөговь аймагт ажиллалаа.

Өмнөговь аймагт очсон даруйдаа сайд Я.Санжмятав Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдтэй уулзаж, мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллалаа.

Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс өнгөрөгч онд нийтдээ 13 төслийг шалгаруулж, 500 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.  Эдгээрээс Ханбогд суманд 1, Баяндалай суманд 1, Даланзадгад суманд 11 төсөл хэрэгжиж, үүний үр дүнд 80 шинэ ажлын байр бий болсон байна.

Мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэдээ сургалтад хамруулж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг болжээ.

Энэ талаар тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Нарантуяа “Иргэдээ төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгт хамруулах зорилгоор хоёр ч хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Мэдээллийн сан бүрдүүдэх зорилгоор мэргэжилтнүүд маань сум, хорооныхоо өрхүүдээр явж, ажилгүй иргэдийг бүртгэн, судалгаа хийсэн. Түүндээ үндэслэн иргэдийнхээ дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, ажилгүйдлээс хэрхэн гарах арга замыг хамтдаа эрэлхийлэн, орон нутагтайгаа хамтран хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна” гэлээ.

Хөдөлмөрийн сайд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцсаны жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа Р.Пагаажавынд зочиллоо. Тэрээр төсөл бичиж, аймгийнхаа Хөдөлмөрийн хэлтэст хандсанаар энэ онд 15 сая төгрөгийн хөнгөлттэй зээлд хамрагджээ. Авсан зээлээрээ сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг өргөжүүлснээс гадна 6 ажлын байр шинээр бий болгосон аж. Энэ тухайгаа жижиг, дунд үйлдвэрлэгч Р.Пагаажав “Зээлээрээ цехийн тоног төхөөрөмж худалдан авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Бас үхэр худалдаж авсан. 19 үхэртэй, 11-ийг нь саадаг. Нэг саалтаар 50-60 литр сүү саадаг. Хөдөлмөрийн хэлтсээс авсан зээл ихээхэн дэмжлэг болж, 6 ажлын байр нэмэгдүүлээд, хэн хэндээ тус дэм болж байна” гэлээ.

Монгол Улс 45 сая толгой малтай хэрнээ сүүний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангаж чаддаггүй, ихэнх хувиа импортоор хангадаг. Харин импортоор орж ирж буй сүү нь хуурай сүү. Тэгвэл тус цехийн орон нутагтаа нийлүүлж буй бүтээгдэхүүн нь цэвэр сүү юм. 

Мөн орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг бодитой хөгжүүлж байгаа бас нэгэн үйлдвэрлэгч нь “Батбаян-Уул” ХХК-ныхан аж. Өнгөрсөн онд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 5 жилийн хугацаатай 50 сая төгрөгийн зээл авснаар үйлдвэрлэлээ өргөтгөж дөрвөн ч ажлын байр шинээр бий болгож чаджээ. Зээлийн талаар тус компанийн захирал Б.Мөнхболд “Манай компани мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2013 онд аймгийнхаа Хөдөлмөрийн хэлтэст хандаж, 50 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн хүү болоод тавигдах шаардлага, эргэн төлөгдөх нөхцөл уян хатан байсан нь үйлдвэрлэл эрхлэхэд таатай нөхцөл юм. Манай компани зээлд хамрагдсанаар тоног төхөөрөмжөө шинэчилж, байр саваа томруулсан гээд их л зүйлийг бүтээсэн. Ирээдүйд үйлдвэрлэлээ илүү өргөжүүлж, олон хүнийг ажлын байраар хангана гэдэгтээ итгэлтэй байгаа” гэлээ.

Онцлоход, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь аймгийнхаа эмэгтэйчүүдийг ажилтай орлоготой болоход анхаарч, төсөл боловсруулж, 30 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосны дүнд 30 ажлын байр шинээр бий болгож чаджээ.

Иргэдээ ажилтай орлоготой байлгах, мэргэжлийн ажилтан бэлтгэх зэрэг гол ажлуудыг нугалж яваа сайд Я.Санжмятав ийн салбарынхаа ажилтай танилцсаны дараа Дундговь аймгийг зорьсон юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж