Үнэн зөв, тэгш мэдээлэл хүсэмжлэх нь

Хуучирсан мэдээ: 2014.07.30-нд нийтлэгдсэн

Үнэн зөв, тэгш мэдээлэл хүсэмжлэх нь

Бид дэлхий нийтийн жишгийг дагаж телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системээс DVB –T2 (Digital Video Broadcast Terrestrial) стандартын тоон систем рүү тун удахгүй шилжихээр бэлтгэж байна. Тоон системд шилжих нь олон давуу талтай, тухайлбал телевизээр үзэж байгаа нэвтрүүлэгийн өнгө, дүрс сайжрахаас гадна хөдөлгөөнт хэрэглэгчид телевизийн нэвтрүүлэг хүлээн авах, нэмэлт өгөгдөл дамжуулах, улс орны хувьд дамтамжийн ашиглалтын зурвас нэмэгдэх зэрэг боломжууд бүрдэж байгаа юм.

“Засгийн газрын тоон системд шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг төр 2010 онд батлаж тоон системд шилжих бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүлсэн бол олон сувгийн үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниуд тоон системийн телевизийг хэдэн жилийн өмнөөс нэвтрүүлээд эхэлчихсэн байх жишээтэй. Засгийн газраас гаргасан уг хөтөлбөрийг манай хувийн хэвшлийн Ай Пи Ти Ви (IPTV), кабелийн телевиз болон сансрын хиймэл дагуулаар телевиз дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд дэмжин, тоон системийн телевизийн үйлчилгээг эрчимтэй нэвтрүүлж, хэрэглэгчдийг тоон системд шилжүүлэх ажлын голыг нугалсаар ирсэн.

Гэтэл одоо долдугаар сарын 31-ний өдөр ойртох тутам төрөөс DVB –T2 дэмждэг телевизор, Set Top Box буюу хөрвүүлэгч тоног төхөөрөмжийг түлхүү сурталчилж, тоон телевизийн бусад үйлчилгээний талаар харьцангуй хомс мэдээлж байгаа нь хэт нэг талыг баримталж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна.  

Ер нь долдугаар сарын 31-нээс хойш “хөөрхөн” үнэтэй Set Top Box тавиулаагүй айлууд дэлхий ертөнцөөс тасарч, гүн харанхуйд шилжих мэт ойлголт төрөөд байгаа хэдий ч 31-ний өдрөөс хойш одоогоор кабелийн аналоги систем ашиглаж байгаа Улаанбаатар хотын олон мянган хэрэглэгч тоон системд шилжиж байгаа болон цаашдаа шилжих телевиз, сувгуудыг ойрын хэдэн жилдээ хүлээн авч үзсээр байх болно гэж ойлгож байгаа. Иймд төр засгаас хэрэглэгчдэд үнэн зөв, тэгш мэдээлэл өгөх тал дээр анхаарал тавин ажиллахын зэрэгцээ хувийн хэвшлийн мэргэшсэн байгууллагуудаа дэмжин ажиллаач хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. 

Б.ЗОРИГТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж