Берлинд дөрвөн талт уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Берлинд дөрвөн талт уулзалт боллоо

Зүүн гар талаас: Лоран Фабиус, Павел Климкин, Франк-Вальтер Штайнмайер, Сергей Лавров

EPA/MAURIZIO GAMBARINI

 

ОХУ, Украин, ХБНГУ, Францын Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээ Берлин хотноо боллоо. Дөрвөн талт уулзалт таван цагийн турш үргэлжилжээ. Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин өөрийн  Twitter хуудсанд, "Таван цагийн турш үргэлжилсэн маш ээдрээтэй ярилцлага боллоо. Асуудлыг байрнаас нь хөдөлгөхийн тулд үүнээс ч олон цаг хэрэгтэй” гэж бичсэн байв. Мөн тэрээр “Улсын  улаан шугам дотор тохиролцоо байхгүй. Украин улаан шугамаа даваагүй. Бид түншүүдээсээ  дэмжлэг авлаа” хэмээн олон нийтийн сүлжээнд онцлон бичжээ.

 

"Энэ уулзалт зайлшгүй шаардлагатай байсан"

 

Германы сайд Франк-Вальтер Штайнмайер хэлэлцээрийн талаар  мэдэгдэл хийхдээ, “Ийм уулзалт хийх зайлшгүй шаардлагатай байсан. Урилгыг хүлээн авсан сайд нарт талархал илэрхийлье.  Өнөөдөр бид олон цаг ярилцлаа. Бид үймээн самууныг зогсоох арга замыг олох ёстой. Мөн  хүн амд туслах хүмүүнлэгийн дэмжлэгийн асуудал яригдлаа. Хүнд яриа байсан ч бид зарим асуудлаар дэвшилт гаргаж чадсан” гэжээ. Сайд нарын уулзалт  "Борзиг" шилтгээнд болсон байна. Германы Эрнст фон Борзигийн эзэмшилд байсан энэ шилтгээн одоо Германы Гадаад хэргийн яамны зочдын өргөө болжээ.

 

Өмнөх уулзалтууд ямар үр дүнтэй байв

ОХУ, Украин, ХБНГУ, Францын Гадаад хэргийн сайд нарын өмнөх уулзалт долдугаар сарын 2-нд Берлин хотноо болсон юм. Уулзалтын дараа “Украины энх тайван тогтвортой байдлын төлөө байгаа" хэмээн сайд нар мэдэгдэж байлаа. "Талууд нэн яаралтай гал зогсоох нь Украины зүүн хязгаарын хүчирхийллийг зогсоох арга зам  байх болно" гэдгийг тэд тухайн үед онцолж байсан юм. 

Украины хямрал

Даваа гаригт Орос, Украины хилчид болон гаальчид Оросын хүмүүнлэгийн тусламжийн цувааны ачааг шалгаж эхэллээ.

 

 

Москва, Киев хоёр  гаалийн үзлэгийн журмын талаар ярилцан тохиолцжээ. Одоо хилийн Донецк боомтод тусламжийн цувааны эхний 16 машин байгаа ажээ. НҮБ-ын мэдээгээр, Украины зүүн хязгаарт хүмүүнлэгийн тусламжийн шаардлага улам нэмэгдсээр байна. “Луганск хотын 200 мянган хүн цахилгаан, ундны ус болон холбоогүй болсноос хойш  арваад хонож байна” гэж НҮБ тэмдэглэв.  Зөвхөн сүүлийн тав хоногийн дотор Донецк, Луганск хотыг 22 мянган хүн орхин гарчээ. Гэр орноо орхин,  Украин дотор дүрвэсэн хүмүүсийн тоо одоо 156 мянга болсон гэж НҮБ-ын илтгэлд өгүүлсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж