Хотын дарга нарын форум хоёр жил тутамд болно

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Хотын дарга нарын форум хоёр жил тутамд болно

Нийслэлийн Засаг дарггын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум “ХОТЫН ТОГТВОРТОЙ БА ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖИЛ” сэдвээр 2 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Тус форумд нийслэлийн Засаг даргын урилгаар Зүүн Хойд Азийн зургаан улсын 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцсон юм. Форумаар Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил, Хотын удирдлага ба Үйлчилгээний хангамж-Технологи, Инновацийн туршилт, Зүүн Хойд Азийн Хотуудын Эдийн засгийн хөгжил, Хөрөнгө оруулалт болон хөгжлийг дэмжих асуудал, Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил гэсэн сэдвээр хотууд туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн Азийн Хөгжлийн Банк, Азийн сан Олон Улсын байгууллага, НҮБ-ын төлөөлөгчид Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд,Азийн эдийн засгийн хөгжил дэх эмзэг бүлгийн иргэдийн оролцоо; Монголын нийгмийн эрх тэгш бус байдал болон ядуурлын асуудал, Зүүн Хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Улаанбаатар хотын захиргааны үйлчилгээ ба Гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэсэн асуудлаар илтгэл тавьж, төлөөлөгчидтэй харилцан санал солилцлоо. Мөн дээрх сэдвийн хүрээнд оролцогч хотуудын удирдлага өөрсдийн туршлага, нутагшуулсан хэлбэр, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.

Форумын үеэр энэхүү Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг цаашид уламжлал болгон зохион байгуулж, байнгын ажиллагаатай болгох саналыг оролцогчдоос гаргасан юм. Уг саналын дагуу форумын нийт оролцогч, хотуудын удирдлагуудаас нэгдсэн байдлаар санал авахад цаашид 2 жил тутамд зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс дараагийн Хотын мээрүүдийн форумыг 2016 онд Зүүн Хойд Азийн бүс нутагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тус форумын үйл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ “Хоёр өдрийн турш үргэлжилсэн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум бидний төлөвлөж байснаас илүү үр дүнтэй форум боллоо. Зорилго нэгтэй оролцсон улс, хотын төлөөлөгч нарт, олон улсын байгууллагын төлөөллүүдэд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нүүдэлчин соёлтой манай ард түмэн ийнхүү хотжиж хөгжихөд манай хоёр хөрш улс болон бүс нутгийн улсуудын тусламж дэмжлэг ихээхэн үүрэгтэй байсан. Тиймээс цаашид хамтран ажиллаж, бидний урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бүхний тусламж, дэмжлэг, оролцоо байна гэдэгт найдаж байна. Энэхүү форумын хүрээнд харилцан туршлага солилцож, юун дээр хэрхэн хамтрах вэ гэдэг илүү тодорхой болсонд талархалтай байна. Та бидний хамтын ажиллагаа, үр дүн Найрсаг Улаанбаатар хотын цаашдын хөгжлөөс харагдана гэдэгт итгэж байна” гэдгийг онцоллоо.

Зүүн Хойд Азийн форумыг 2016 онд зохион байгуулах эрхийг дараагийн хотод шилжүүлэх хүртэл Улаанбаатар хот тус форумын нарийн бичгийн даргаар ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж