“Алтанбулаг” бүсээр 253 сая төгрөгийн бараа худалдаалагджээ

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

“Алтанбулаг” бүсээр 253 сая төгрөгийн бараа худалдаалагджээ

Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнөөдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн туршилтын хугацааг сунгах болсон талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанд ЭЗХЯ-ны инноваци, төр-хувийн хэвшлийн газрын дарга С.Бэхбат, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн, Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн дэд тэргүүн Ж.Жаргалсайхан болон ЭЗХС-ны чөлөөт бүсийн хэлтсийн дарга Ч.Чимэгсанаа нар оролцлоо.

2014 оны зургадугаар сарын 1-нээс долдугаар сарын 31-ний хооронд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд 125 мянган тонн барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж, 13,6 сая төгрөгийн татвар, 62,2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Туршилтын хугацаанд чөлөөт бүсэд 851,5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн орсноос 253,7 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарагдаж, нийт 7181 зорчигч, 2365 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Алтанбулаг-Хиагт боомт долдугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн байна. Үүнтэй холбоотойгоор чөлөөт бүс дэх хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан наймдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар түр журмын үйлчлэх хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, тогтоол нь албажсан юм байна.

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг нээж, үйл ажиллагааг ийнхүү эхлүүлсэн нь 2002 оноос хойш 12 жилийн турш яригдаж буй чөлөөт бүс байгуулж, хөгжүүлэх асуудал биеллээ олж байгаагийн илрэл гэж хуралдаанд оролцсон албаны хүмүүс онцоллоо.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж