10 мянган шатарчин ухаанаа уралдуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

10 мянган шатарчин ухаанаа уралдуулж байна

Завхан нутагт анх удаа 10 мянга гаруй шатарчид нэгэн зэрэг тоглосон түүхэнд онцлох үйл явдал боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачлагаар “Өсвөрийн монгол шатарчид-9999” тэмцээн Завхан аймагт энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд Улиастай хотод шилдгийн шилдэг тэмцээн өнөөдөр 14.00 цагт болох гэж байна. Анх удаа 10 мянга орчим өсвөрийн шатарчин Завхан аймгийн бүх 24 суманд нэгэн зэрэг шатар тоглож, шилэгдмэлүүд өнөөдөр ийнхүү шигшээ тэмцээндээ орох юм. 24 сумдаас одоогоор нийт 1240 орчим өсвөрийн шатарчид шалгарчээ. Хүн амын тооноос шалтгаалан Улиастай хот, Тосон  цэнгэл, Их-Уул, Баянтэс сумаас хамгийн их шатарчид тэмцээнд оролцохоор ирсэн. Тэмцээн маргааш хүртэл үргэлжлэх бөгөөд насны ангиллын хувьд 18 хүртэл насны хүүхдүүд оролцож байгаа  юм.

“Өсвөрийн монгол шатарчид-9999” тэмцээнийг Хөдөлмөрийн яам зохион байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн банк аймгийн Засаг даргын тамгын газар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл дэмжин хамтран ажиллаж буй. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Баянтэс сумдад ажиллаад өнөөдөр Улиастай хотод ирж, тэмцээний арга хэмжээнд оролцох юм. Мөн Oлон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Люмжинов энэхүү арга хэмжээнд онц ач холбогдол өгч хүрэлцэн ирж байгаа нь анх удаа 10 мянга гаруй шатарчид нэгэн зэрэг тоглож, Гиннесийн амжилтад бүртгүүлэх “замыг засч” байгаа хэрэг болохыг албаныхан онцлов. Шилдгийн шилдэг тэмцээнээс шалгарсан 150 орчим хүүхдийг алт, мөнгө, хүрэл медаль, гадаадад аялах эрхээр шагнах юм байна.

Ийнхүү шатрын спортыг улам түгээн дэлгэрүүлэх, дэлхийд монгол хүүхдийн авъяас, чадварыг таниулж, Гиннесийн амжилтад бүртгүүлэх зорилготой 10 мянга орчим хүүхдийг хамарсан өсвөрийн шатарчдын тэмцээн Завхан нутагт амжилттай үргэлжилж байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж