Хакүхо башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.09.23-нд нийтлэгдсэн

Хакүхо башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмогийн Аки башё өнөөдөр арав дах өдрөө үргэлжилж байна. Тэмцээний ес дэх өдөр буюу өчигдөр(09.22) ёкозүна Хакүхо М.Даваажаргал Такарафүжиг давсан бол Какүрюү М.Ананд Ёшиказэд ялагдлаа. Энэ өдөр озэки Кисэносато, Гоэйдо нар барилдаж, Гоэйдо ялснаар зургаан даваатай боллоо. Башёг тэргүүлж явсан Ичиножёо А.Ичинноров Саданоүмиг давсан бөгөөд тэрээр тэмцээний долоо дахь өдөр Икиойд ялагдсан юм.

Аки башёг есөн өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо М.Даваажаргал 100 хувийн амжилттай тэргүүлж байгаа бол ёкозүна Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноров нарын бөхчүүд найман даваа, нэг унаатай удаалж байна. Озэки Кисэносато, маэгашира Окиноүми нар долоон даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн араас нэхэж явна.

Тэмцээний арав дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Египетийн Оосүнаараши, ёкозүна Какүрюү М.Ананд Такэказэтэй барилдана. Мөн Озэки Кисэносато Такарафүжитэй, Ичиножёо А.Ичинноров Ёшиказэтэй оноолт таарчээ.

Дашрамд дурдахад, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нүдэндээ гэмтэл авч тэмцээнийг орхиод байна. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу есдүгээр сарын 17-нд ёкозүна Харүмафүжи маэгашира Ёшиказэг өвдөг шороодуулсан ч магэ үснээс нь татаж, ялагдал хүлээсэн. Тэрээр барилдах явцдаа нүдэндээ мөргүүлэн гэмтэл авснаас башёг орхисон бөгөөд эмнэлэгийн дүгнэлтээр мэс ажилбар хийлгэвэл гурван сар дэвжээнд гарахгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Тэмцээний дөрөв дэх өдөр Ёкозүна Харүмафи Д.Бямбадоржийн нүдийг гэмтээсэн маэгашира Ёшиказэ өчигдөр Ёкозүна Какүрюү М.Анандыг давлаа.

 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж