Америкийн худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөлөлтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Америкийн худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөлөлтэй уулзав

УИХ-ын дарга З.Энхболд Америкийн худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөлөлтэй уулзав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.09.24/ Америкийн худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөлөл оролцсон уулзалт, зөвлөгөөнд оролцлоо.

Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам-Монгол/ нь 2012 онд байгуулагдсан бөгөөд АНУ Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан байгууллага юм.

Уулзалт, зөвлөгөөнийг АнЧам-Монголын ТУЗ-ийн дарга Жаксон Кокс нээж хэлсэн үгэндээ, удахгүй УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ. УИХ-ын намрын ээлжит чуулганаар гадаадын хөрөнгө оруулагчдад хамааралтай маш чухал хуулийн төсөл шийдвэрүүдийг хэлэлцэнэ. Энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнд Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулсан компанийн төлөөллүүд оролцож байгаа бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд уулзалтад өндөр ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд болон ил тод байдлын тухай хэлэлцээр, гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай асуудлаар илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулт өгсөн юм. Тэрээр миний бие хоёр жилийн өмнө АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ  АнЧам-ын төв байранд зочлон удирдлагуудтай уулзалт хийж байсан.  АНУ нь Монгол Улсын хувьд эдийн засгийн түнш улс гэдгийг онцлон тэмдэглээд “гуравдагч хөрш” орнуудад шинэ боломж нээгдэж байгаа тухай хэлэв. Мөн УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд чухал. Ил тод байдлын хэлэлцээрт эдийн засаг санхүү, хөрөнгө оруулалт, ашигт малтмал гээд олон хуулийг монгол хэлнээс англи хэлэнд хөрвүүлэх шаардлага тулгарч байна. Хуулиудын тухай зөвхөн хоёр хуудас нэр орчуулахад амаргүй байсан. Нэг хууль дээр 2-3 орчуулгын хувилбар гардаг. Орчуулгыг нэг мөр болгох асуудалд УИХ-ын гишүүд голлон анхаарч байна. Мөн “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай”, “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай”, “Сонгуулийн тухай”, “Улс төрийн намын санхүүжилтийн тухай”, “Гэмт хэргийн тухай”, алтны олборлолттой шууд холбоотой “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг эргэж харах зэрэг олон чухал хууль хэлэлцэнэ хэмээн онцлов.

Мөн УИХ-ын дарга Торгоны зам, Талын замын талаар мэдээлэл өгч эдгээр асуудлуудын талаар баримталж буй УИХ-ын байр суурийг товч танилцууллаа.  Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Монгол улсад БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаар геополитикийн хувьд хөрш зэргэлдээ оршдог Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжих боломжтой чухал айлчлалууд болсныг тэмдэглэв. Мөн уулзалтын үеэр 1.5 тэрбумаас хэтрэхгүй орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх зэргээр татварын тухай хуульд томоохон өөрчлөлт орно гэдгийг онцолсон юм.

Уулзалт, зөвлөгөөний үеэр гадаадын хөрөнгө оруулагчид
УИХ-ын дарга З.Энхболдоос асуулт асууж,  хариулт авлаа

АмЧам нь Америкийн худалдааны танхимын албан ёсны салбарын статустай. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрладаг гурван сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог юм. АмЧам нь дэлхийн 105 гаруй оронд салбартай бөгөөд Монголынх хамгийн отгон салбаруудын нэг юм. АмЧам нь сар бүр Монгол дахь Америкийн бизнесүүдэд зориулсан уулзалтуудыг зохион байгуулан шийдвэр гаргагчидтай Монгол Улсын эдийн засаг, худалдааны асуудлуудаар санал солилцдог уламжлалтай юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж