Эрдэмтдийн залуу үеийг бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.26-нд нийтлэгдсэн

Эрдэмтдийн залуу үеийг бэлтгэнэ

Монголын үндэсний музей, АНУ-ын Филадельфиа хотын Дрэхелийн их сургуулийн дэргэдэх Байгалийн шинжлэх ухааны Академи хамтран боловсролын төсөл боловсруулжээ. Энэхүү хамтарсан төсөл АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын хорооны тусламжтайгаар хэрэгждэг  Музейг холбох хөтөлбөрийн хэд хэдэн шалгаруулалтад оролцож шалгарсан байна. Уг хөтөлбөр нь ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн эмэгтэй сурагчдад зориулсан нэг жилийн хугацаатай байгалийн ухааны суурь мэдлэг олгох сургалтын хөтөлбөр юм.

Филадельфийн Байгалийн шинжлэх ухааны Академи нь 200 гаруй жилийн түүхтэй, биологийн төрөл зүйл, байгаль орчны чиглэлийн судалгаагаараа дэлхийд нэртэй, шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага юм. Тус академиас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “WINS” хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд анх Филадельфиа хотын сургуулийн эмэгтэй сурагчдаас сонгон шалгаруулж, байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллаж эрдэмтэн болох эх суурийг нь тавьж өгдөг болсоор 30 жил өнгөрчээ.

Энэ удаа төслийн хүрээнд Улаанбаатар хотын дунд сургуулийн сурагчдаас сонгон шалгаруулж хөтөлбөрт хамруулах боломж олдож, 14 сургуулийн 15 эмэгтэй сурагч шалгарчээ. Нийслэлийн дүүргүүдийн сургуулийн сурагчдаас өргөдөл авч, англи хэл дээр сонгон шалгаруулалт явуулж эдгээр сурагчдыг сонгож авсан байна.

Эдгээр сурагчдыг танилцуулах, хөтөлбөрийн үр дүнгийн талаар таниулах уулзалт Монголын үндэсний музейд боллоо. АНУ-ын Филадельфиа хотын Дрэхелийн их сургуулийн дэргэдэх Музейн холбох хөтөлбөрийн зохицуулагч, Н.Мөнхтуяа хөтөлбөрөө танилцуулж, эрдэмтдийн залуу үе болон бэлтгэгдэх гэж буй охидод баяр хүргэлээ. Шалгаруулалтад тэнцсэн охид зайнаас сургалтаа авах бөгөөд сурагч солилцооны шугамаар тодорхой хугацаанд АНУ-д очиж мэдлэгээ зузаатгах ажээ.

Өмнө нь “WINS” хөтөлбөрийн хүрээнд Монголоос гурван удаа эмэгтэй эрдэмтэн бэлтгэж, эхний эрдэмтэд их, дээд сургуульд багшлах, ШУА, музейнүүдэд ажиллах зэргээр улс орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөцгөөж байгааг мөн танилцуулав.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж