Үндэсний дата төвийн 5 жилийн ойн мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Үндэсний дата төвийн 5 жилийн ойн мэндчилгээ

Монгол Улсын “Үндэсний Дата Төв” УТҮГ нь 2009 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн төрийн байгууллагын цахим шуудангууд, түүний серверүүд, цахим хуудас гэх зэрэг өгөгдөл мэдээллийг байршуулж үүрлүүлэн ажилладаг байсан. Харин 2013 оноос төрийн байгууллага бүрийн мэдээ мэдээллийг төвлөрүүлж, эмх замбараагүй олон тусдаа газар байршиж байсан мэдээллийн санг эмх цэгцтэй, мэдээллийн давхардлыг арилгаж, уг цэгцэрсэн мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай албан байгууллага, хувь хүнд цаг хугацаа, орон зайг үл хамааран хүргэх зорилгоор төрийн цахим дата, мэдээллийг нэг дор төвлөрүүлэн төрийн мэдээллийн солилцооны төв болохоор үйл ажиллагааа явуулж байна. Манай байгууллага өнгөрсөн хугацаанд дата төвийн дараах үечлэлээр ажилласан бөгөөд цаашид BIG DATA хэлбэр лүү шилжин ажиллахаар төлөвлөж байна.

  1. Эхэн үед Мэдээлэл хадгалдаг “Цахим архив хэлбэр”
  2. Дараа нь Мэдээллийг байршуулдаг “Hosting хэлбэр”
  3. Одоогийн байдлаар мэдээлэл солилцдог “Exchange” хэлбэрээр ажиллаж байна
  4. Цаашид мэдээллийн цэгцэрсэн тогтолцоот “BIG DATA” хэлбэрээр ажиллахаар зорилт тавьж байна.

Бид энэ жилээс үйл ажиллагааны бүтцээ шинэчлэн дараах бүтцээр ажиллаж байна.

  1. Захиргаа бизнес шинжилгээний хэлтэс нь удирдах, дээд байгууллагыг төрийн цахим үйлчилгээний давхардал , үр ашигтай байдлын талаарх оновчлолоор дэмжлэг үзүүлэх, байгууллагын хүний нөөц, санхүү хууль эрхзүйн үйл ажиллагааны зохистой харилцааг бий болгож дотоод хяналтыг гүйцэтгэх чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ.
  2. Мэдээлэл, технологийн хөгжүүлэлтийн хэлтэс нь байгууллагын үйлчилгээний систем, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, мэдээллийн технологийн үйлчилгээтэй холбоотой хөгжүүлэлт, шинэчлэлтийг хэрэгцээ шаардлага, технологийн дэвшилтэд уялдуулан гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  3. Бүртгэлийн бүртгэлийн хэлтэс нь Монгол улсын цахим сангийн мэдээллийн системийг хөгжүүлэх, мэдээллийн давхардлыг арилгах чиг үүргийн хүрээнд мэдээллийн үнэн зөв байдал, эх сурвалжийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  4. Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн дагуу хамгаалах, нууцлах халдлагын талаар шинжилгээ хийх, хамгаалалтын технологи, аргачлалыг байнга хөгжүүлэх болон чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  5. Инженер ашиглалт, үйлчилгээний хэлтэс нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй дэд бүтцийг тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажилагааг тасралтгүй хангах, байгууллагын аж ахуйн үйлчилгээг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Дашрамд дурдахад энэ жил манай байгууллагын үйл ажиллагаа өргөжихийн хирээр техник, технологийн багтаамж нь өмнөх жилүүдээс 2 дахин өссөн бөгөөд нийт санамж ой 5ТВ, түр санамж ой 150ТВ, сүлжээний хурд 22GB/сек болон нэмэгдэж, хүчин чадлаа сайжруулсан юм.

Өнгөрөгч хугацаанд Цахим Засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж, 2013 оноос эхлэн төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машин, Замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем, Камерийн торгуулийн системийн үндсэн дэд бүтэц, өгөгдөл солилцооны төв болон ажиллаж байна. Цахим татварын систем, Цахим тендер, Цахим виз, Албан журмын даатгал зэрэг төсөлт хөтөлбөрүүдийн бэлтгэл ажлыг хангаад байна.

Тус төв нь төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээллийн технологийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд төрийн 1000 гаран байгууллагуудад үнэ төлбөргүй, хувийн хэвшилийн 300-аад байгууллагуудад батлагдсан үнэ төлбөртэйгээр цахим хуудас байршуулах, зохиомол сервер болон зогсуур түрээсийн үйлчилгээг тус тус хүргэж байна.

Өнөө үед дэлхийг бүсэлсэн шилэн кабель, харилцан холболтоос гадна интернэт контент эрчимтэй хөгжиж байна. Орчин цагийн дата төвүүд нь “Cloud” буюу үүлэн тооцооллын технологи руу шилжиж, түүний ачаар хүмүүс ухаалаг гар утас, таблет, зөөврийн компьютер зэрэг хэрэгслүүдээр орон зай, цаг хугацааг үл хамааран мэдээ, мэдээллийг шуурхай авч, өдөр тутмын амьдралд хэрэглэж байна.

Хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэж үр дүнг ихсэх зорилготой ажлыг гүйцэтгэдэг инженер бидэнд компьютер, логик сэтгэлгээ, хөдөлмөр, чин сэтгэл 4 байхад бүхнийг бүтээж чадах билээ.

Бид цаашид ч мэдээллийн технологийн салбарынхаа тэргүүлэх байр суурийг хадгалж, хэрэглэгчидийн итгэл хүлээсэн байгууллага байхын зэрэгцээ орчин цагийн мэдээллийн технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлж, өндөр мэргэшсэн хүний нөөцийн мэдлэг чадвар, дата төвийн чадварлаг менежментээр хэрэглэгч Та бүгдэд иргэн төвтэй төрийн түгжрэлгүй үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллах болно. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа манлайлан хөгжиж, хамтдаа урагшлая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж