Хонгконгийн “шүхэрт хувьсгал”

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

Хонгконгийн “шүхэрт хувьсгал”

 

Хонгконгод үүсээд буй нөхцөл байдлыг Бээжингийн улстөрийн бодлогын эсрэг Тян Ань Миний бослогоос хойшхи хамгийн том сорилтуудын нэг хэмээн ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн 1997 онд Хятадын харъяанд дахин шилжсэнээс хойш Хонгконгод Бээжингийн эсрэг ийм өргөн хүрээг хамарсан бослого гарч байсангүй. Ази дахь дэлхийн санхүүгийн төв Хонгконгийн тэнгэрт перц, нулимс асгаруулагч хийн цагаан үүл хуралджээ. Жагсагчид болон цагдаа нарын хооронд өчигдөр /IX.28/ мөргөлдөөн гарснаас 40 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр Хонгконгийн цагдаа нар 150 гаруй жагсагчийг баривчилжээ. Хонгконгод өрнөж буй үйл явдлаас болж Хятадын эрх баригчид Instagram болон Twitter-тэй төстэй Weibo үйлчилгээг хэсэгчлэн блокложээ. Мөн бослого, үймээний улмаас Хонгконгийн 17 банк түр хугацаагаар хаалгаа барьсан бол цэцэрлэг, сургуулиуд бүтэн өдрөөр ажиллахгүй байна. Одоогоор санхүүгийн зах зээл дээр Хонгконгийн хувьцаа хоёр хувиар унаад байгаа аж.

 

Жагсагчдын ихэнх нь цагдаа нарын хэрэглэсэн перцнээс нарны шүхрээр халхалсан нь “шүхэрт хувьсгал” хэмээх нэр аваад байна. Одоогоор Хонгконгийн эсэргүүцлийн жагсаал, бослогод оролцогчдын тоог нарийн тогтоосон хараат бус байгууллага алга. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс баасан гаригийн /IX.26/ жагсаалд 80 мянган хүн оролцсоныг мэдэгдсэн бол өдгөө энэ тоо хэд дахин нэмэгдсэн гэж харж байна. Хонгконгийн жагсагчид ардчилал, эрх чөлөөний төлөө ямар ч хүчирхийлэлээс эмээхгүй гэдгээ тунхаглах аж. Мөн жагсаалд ямар нэг шалтгаанаар оролцоогүй Хонгконгийн хэсэг иргэд ч сэтгэл зүрхээрээ жагсагчидтай хамт гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ тэдний зүрхэнд 1989 оны Тян Ань Миний бослогыг өдүүлсэн оюутан, залууст тохиолдсон аймшигт хувь заяаг дахин давтах вий гэх нууцхан айдас хургаж буй нь мэдээж. Тян Ань Миний бослогыг дарахын тулд Бээжингийн эрх баригчид төв талбайдаа танк оруулж, гэм зэмгүй залуусыг  олноор нь хөнөөсөн юм.

 

“Нэг улс, хоёр систем” гэсэн Хятадын бодлого дор Хонгконг нь хязгаарлагдмал ардчилалтай орон юм. Харин эсэргүүцлийн жагсаалд оролцож буй олон мянган хонгконгчууд удирдлагаа бие даан сонгохыг хүсч, Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж байна. Хятад 2017 онд Хонгконгод сонгуулийн бүрэн эрх олгохоо амласан ч нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тавьсан аж.  Ардчилалын төлөөх Хонгконгийн бослого Хятадын харъяат бусад бүсүүдэд халдварлахаас Бээжингийн удирдлагууд ихээр зовниж буй юм. Хонгконгчууд зорилгодоо хүрсэнээр Бээжингийн мэдлээс гарахаар тэмцсээр буй Түвд, Шинжаан-Уйгур болон Өвөр Монголчуудад Хятадын харъяанаас гарах сэдэл, зоригийг өгөх нь тодорхой.

 

Үүний зэрэгцээ Тайваний Ерөнхийлөгч Ма Инцю Аль-Жазирад “Бид Хонгконгийн нөхцөл байдлыг ойроос ажиглаж байна” хэмээн телевизэд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Тайван нь бүрэн ардчилалтай улс боловч Хятадууд үүнийг нэг өдөр л өөртөө дахин нэтгэх ёстой муж гэж үздэг улс билээ.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж