С.Жавхлан уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

С.Жавхлан уриалга гаргалаа

Дуучин С.Жавхлан монголчуудыг нэгдэхийг уриалсан уриалга гаргажээ. Уг уриалгад:
Монголыг төлөөлж Монгол түмнийхээ эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой, улсынхаа бодлогыг зөв чиглүүлж авч явах үүрэгтэй өнөөгийн төрийн эрх дархтангууд түмэн олон бидний итгэлээр тоглож, бүгдийн гомдол цөхрөлийг барж, зөв зүйтэй шийдвэр ажил алхмуудыг хийх ямар ч чадваргүй болжээ.
Иймд Монгол хүн бүр эвлэн нэгдэж зөв зам гарцыг хайхаас өөр аргагүйд хүрлээ. Миний бие Монголынхоо нэг эд эс, иргэнийхээ хувиар Монголчууддаа энэхүү уриалгыг дэлгэж байна. Бид Монголдоо төрсөн. Монголдоо хайртай. Монголынхоо л төлөө юм бол бүгдээрээ эхлээд Монгол байцгаая. Монгол мөнгөн дэвсгэртээрээ Монгол юмаа худалдаж авцгаая. Өнөөдөр бид Монгол мөнгөн дэвсгэртээрээ гадны юм худалдаж аваад байна.
Энэ нь өөрөө дэвсгэртийнхээ үнэгүйдлийг бий болгож  мөнгөний хомсдол ч гэсэн үүнээс үүсээд байна.
Ядуурал гээд л хашгираад байдаг. Бид яагаад ядуураад байгаагаа мэдэхгүй л байна шүү дээ.  Яагаад гэхээр бид дотооддоо хөрөнгө оруулалт, олборлолт, айл гэрийн дотоод бодлого ч үгүй байж, улсын бодлого ярьж яах юм бэ? Өрх бүр, гэр бүл бүрт бодлого байдаг. Нэг хэсэг нь талхаа олохын төлөө, нөгөө хэсэг нь махаа авахын төлөө явдаг. Энэ чинь бодлого шүү дээ. Нэг нь 3 настай хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Нөгөө нь 30 настай хүүгээ яаж архинаас гаргах уу? гээд нийгэм тэр чигээрээ бодлого. Гэхдээ өнөөдрийн түвшинд Монголыг энгийн нүдээр харвал юун түрүүнд эдийн засгийн бодлого  өрх  бүрт алдагдчихсан байна. Ийм болохоор улсын эдийн засгийн бодлого гэж ирээд том том ярина гэдэг маань ямар ч утгагүй зүйл юм.
Эхлээд өрхийн эдийн засгийн бодлогыг тогтоох нь зүйтэй. Өнөөгийн улс төрчид, эдийн засагчид хэмээн өөрийгөө өргөмжлөгчид нь албархуу, монгол иргэд нь ч сонсоод ойлгогдохооргүй  эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэж ирээд баахан гадаадын нэр томъёогоор өөрөө ч юу ярьж байгаагаа ойлгохгүйгээр зөвхөн таалагдах гэж цэцэрхээд байдаг. Энэ нь бидэнд ямар ч хэрэггүй, сонин биш байна. Минийхээр бол эдийн засгийн хямралыг далайн давалгаа гэж үзвэл иймэрхүү манайх шиг  жижиг гэрийн бодлогоо алдсан улс орнууд үүнд өртөх болохоос биш түрж яваа далай өртөхгүй. Далайн давалгаанд гүнд нь байгаа загас өртдөггүй. Харин далайн мандалын загас л өртдөг.
Өнөөдрийн Монгол орон маань ний нуугүй хэлэхэд дэлхийд гадуурхагдсан орон буюу өрх гэрийн бодлогоо алдсан далайн мандалын загас болжээ. Нэг ёсондоо бид давалгаанд шидэгдэж хатаж үхэх аюул нүүрлээд байна гэсэн үг. Ядуу буурайгаараа дуудуулаад баахан тусламж авна. Өв соёлгүйгээрээ дуудуулаад баахан өв соёлоо гадныханд алдана. Өвөг дээдсээ ч олигтойхон магтаад урлагийн бүтээл хийж чадахгүй байхад өөр улс орныхон бидний өвөг дээдсийг магтаад өөрснөө цадаад явж байна шүү дээ.
Тэгэхээр эдийн засгийн бодлого гэдэг маань эхлээд өрхийн түвшинд яригдах учиртай болоод байна. Тэгж байж дараа нь улсын түвшинд яригдана. Миний энэхүү уриалгыг уншиж суугаа Монгол хүн та Монголоо гадны гэх зүйлүүдээр солиод байгаагаа хүлээн зөвшөөрөх үү? Тэгээд би үгээгүй ядуураад байна аа. Энэ ядуурал чинь дээд цэгтээ тулаад байна. Бид хоосон байна, цалин муу байна, тэтгэвэр өгөхгүй байнаа гээд байгаагийн гол зангилаа бол  Монголын мөнгөн дэвсгэртээр гадны юм худалдаж аваад байгаа нь Монгол төгрөгний хомсдолд төрийн хэмжээнд орчихоод байна. Хэрвээ бид энэ Монгол мөнгөн дэвсгэртээр өөрсдийн юмаа худалдаж аваад байвал мөнгөө бид гадагш хүүлүүлэхгүй шүү дээ тийм үү? Та юу гэж бодож байна?
Тийм учраас “Монгол гэсэн тодотголтой бүхнээ сэргээж, үргэлжлүүлж, бахархаж, дээдлэж, өмсөж гоёж явцгаая” хэмээн уриалаад байгаа маань энэ юм шүү дээ.  Ингэж байж л сая Монголд маань  мөнгөний эдийн засгийн зөв хэм хэмжээ, зөв эргэлт  тогтоно.
Үүнийгээ дагаад ажилгүйдэл, архидалтаас авхуулаад бүхий л хүндэрлээс бид гарна.
Та бид Чингис хаанаараа бахархаж Монголоо гэж хоолой зангируулан ярих дуртай. Би хувьдаа бахархах гэдэг маань зөвхөн яриад өнгөрөхийн нэр биш, харин ярьдаг ч, бахарахдаг ч  хүн бүр өөр дээрээ хэрэгжүүлж үргэлжлүүлэхийн  нэр болов уу гэж ухаардаг. Гэтэл улсынхаа нэрээр овоглосон Монгол хааныхаа төрхийг зоосон дэвсгэртээрээ бид гадны юмыг бүтээж дэмжээд байна гэдэг маань бахархал мөн үү?  Та бүхэн нэг л зүйл дээр анзаараарай.
Бидний хэрэглээнд эргэлдэж байгаа мөнгө дэндүү том тооны бүхэл рүү шилжээд байгаа. Энэ маань төгрөг үнэгүйдээд байгаагийн нэг том жишээ юм. Бид яах гэж Монгол хүнд зориулсан мөнгөн дэвсгэрт гаргасан юм. Монголын газар нутаг дээр бий болж байгаа зүйлийг буюу Монгол хүн өөрийн хэрэглээ, хэрэгцээгээ бүрдүүлэх гэж бүтээсэн билэгдэл учраас тэр шүү дээ. Монголын газар нутаг дээр үйлчилж байгаа бүх зүйл үр шим энэ дэвсгэртээр жишиглэгдэж байх ёстой. Гэтэл бид гадны юмыг авч ирээд Монголын мөнгөөр үнэлчихдэг.
Тэгэхээр гадаад мөнгөөр авсан юмныхаа ашгийг  Монгол мөнгөөр олох гээд байгаа биз? Энэ чинь нөгөө дахиад л хоосролыг хөөрөгдөөд байгаа юм. Харин гаднаас Монгол мөнгөөр аваад энд Монгол мөнгөөр зараад дундаас нь ашиг авч байгаа бол энэ юу вэ?  Энэ бол жинхэнэ үржигдэхүүн, эдийн засгийн зөв эргэлт. Бид яагаад ядуураад байгаа юм бэ? Яагаад хоцроод байгаа юм бэ? Наад захын жишээ бол манай урд хөрш л гэхэд олон сая хүнээ өлсгөлөнд нэрвэгдүүлэхгүй амьдруулаад байгааг бид судалсан уу?
Үгүй. Зөвхөн хятад ч биш ер нь бид гадныхныг зүгээр л учир зүггүй сармагчин шиг дагаж дуурайгаад байхынхаа оронд зөв зүйтэй юмыг нь ядаж олж хардаг байя л даа. Хятадууд хятадынхаа л үйлдвэрийн юмыг хэрэглэдэг. Хятадад гадаадын  үсэгтэй нэг ч зүйл зарагддаггүй. Хэзээ ч тэд нутаг дээрээ гадны юмыг заруулдаггүй.                              
Яг л адил мөртлөө  Хятад үсэгтэй байж байдаг. Үйлдвэрийг нь оруулаад ирчихсэн байдаг. Энэ нь  тэд дотооддоо эдийн засгийн зөв эргэлтийг тогтоогоод байна. Хятад нь гадаадыг биш зөвхөн хятадаа л дэмжиж хятад мөнгө хятад дотороо л зөв эргээд байна гэсэн үг юм.
Дэлхийн хямрал боллоо. Хятад хамгийн олон хүнтэй гээд дэлхий тэр чигээрээ хятадруу анхаараад энд олон хүн өлбөрч үхнэ гэж харж төсөөлж байсан. Гэтэл үгүй байсан. Харин ч бүр хамгаас цойлоод гараад ирсэн хамгийн өндөр үзүүлэлттэй байсан нь хятад улс хямралыг хамгийн тогтвортой давж гарсан. Гэтэл хамгийн цөөхөн хүн амтай, хамгийн том газар нутагтай дорнын арын улс болох Монгол улс маань сэгсрүүлчихсэн, сэнсэрчихсэн төр нь худалдагдах дээрээ тулчихсан.
Төрөө зарах үнээ гадаадын мөнгөн дэвсгэртийн тоо хэлээд тэчнээн мянган доллар гээд л яг хэрэг дээрээ наймаагаа Монгол мөнгөөр хийдэг. Энэ нь мөн л төгрөгний хоосрол, үнэгүйдлийг авч ирж байгаа юм.  Иймд Монгол иргэн бүр өрх бүр эдийн засагаа зөв тогтоож “Эзэн нь  юмаа мэдэж эрэг нь  усаа хашдаг ” гэгчээр Монгол гэх тодотголтой бүхий л зүйлээ сэргээж Монгол мөнгө гадны зүйлийн өмнө сөхөрч үнэгүйддэг биш Монгол зүйл дээ зөв зарцуулагддаг тэр зөв эргэлтийн цагийг Монголдоо сэтгэлтэй хүн бүр авч ирэхийг уриалж байна” гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж