Б.Тэмүүлэн алтан медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн алтан медалийн төлөө барилдана

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм. Энэ өдөр манай эрэгтэй жүдочид дэвжээнд гарсан бол эмэгтэйчүүд барилдаагүй юм.

90 кг-ын жинд Т.Батзориг, Х.Цогтгэрэл, +100 кг-д Б.Тэмүүлэн нар барилдаж байгаагаас хүнд жингийн ганц жүдоч маань алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

+100 кг-д Б.Тэмүүлэн Узбекстан, Унгарын бөхчүүдийг ялснаар хэсгийн аварга болж, мөнгөн медалийн төлөө Оросын бөх Волков Андрейтай барилдаж, яллаа. Тэрээр алтан медалийн төлөө Австрийн бөх Аллерсторфертэй барилдах юм. Энэ жинд 15 барилдаж байна.

90 кг-ын жинд барилдсан Т.Батзориг эхний тойрогт дэвжээний эзэн орны бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгасан. Мөн энэ жинд барилдсан Х.Цогтгэрэл эхний тойрогт Унгарын бөхийг ялсан ч Узбекстаны Журабаевд ялагдаж, цааш барилдах боломжгүй боллоо. Узбекстаны Журабаев хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Денисовд ялагдсанаар манай бөхөд дагах барилдаан гараагүй юм.

Ийнхүү тэмцээний сүүлийн өдөр манай гурван жүдоч барилдсанаас +100 кг-д Б.Тэмүүлэн алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагт эхэлнэ.

Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар Монгол Улс 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Румын хоёр алт, Узбекстан, Израйль, Герман, Белги зэрэг улс тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар удаалж байна.

Барилдааныг http://134.213.29.25-с шууд үзнэ үү.  www.ippon.org

Ч.БОЛОР


 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж