Японы хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Японы хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр

Япон улсын нийслэл Токио хотноо болох “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулганы талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Энэ нь хоёр дахь удаагийн хөрөнгө оруулалтын чуулган бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 11-нд Токио хотод болох ажээ. Чуулганы зохион байгуулагч “Frontier securities” компанийн захирал Маса Игата өнөөдрийн хуралд оролцож, Япон улсын зүгээс Монгол Улсыг ихээхэн сонирхож байгааг онцолсон юм. Энэ жилийн чуулганд оролцогсдын 80 хувь нь япончууд байх бол 30-аас доошгүй илтгэгч, 20 үзэсгэлэн гаргах компаниуд оролцох юм байна. Монголын хувьд чуулганд  өнгөрсөн жилийнхтэй адил идэвх, санаачлагатай оролцоно гэж найдаж буйгаа илэрхийлсэн.

Энэ оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлах үеэрээ хоёр улсын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн тул хоёр улс хамтран ажиллах илүү гарц, боломж нээгдэж буй. Тиймээс Япон улсаас хөрөнгө оруулалт хийхийн тулд Монголын бизнесмэнүүд, компаниудтай харилцаа тогтооход энэ чуулган гүүр болж чадна гэдгийг тэд үзэж байгаа ажээ. Ялангуяа Японы талаас Монголын уул уурхай, хөдөө аж ахуй, машин механизм, дэд бүтэц, байгаль орчин, үл хөдлөх хөрөнгийн гэх зэрэг салбарыг түлхүү сонирхож байна гэлээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж