Анги бүрийг номын сантай болгох хөтөлбөрийн сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Анги бүрийг номын сантай болгох хөтөлбөрийн сургалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхний дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ном” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд "Ангийн номын сан ашиглан сурагчдын бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох чадварын дэмжих арга зүй" сэдвийн дор ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш, дунд ангийн сурагчдад зориулан зохион байгуулж буй сургалт өнөөдөр СБД-ийн I сургууль дээр нээлтээ хийлээ.

БШУЯ-аас анги бүрийг номын сантай болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж энэ онд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн номын санд 70 төрлийн нийт 74 мянган ном нийлүүлж байгаа юм.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд 2013 онд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн бүх бүлэгт 50-130 ном бүхий ангийн номын сан байгуулжээ. Тэдгээр сургуулийн бага ангийн багш, захирал, сургалтын менежер, Боловсрол, соёлын газар, Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, нийт 5000 гаруй хүн хамруулсан сургалтыг зохион байгуулсан юм. Харин энэ удаа Нийслэлийн ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын 652 багш“Ангийн номын сан ашиглан сурагчдын бүтээлчээр унших, бичих,сэтгэн бодох чадварыг дэмжих арга зүй” сургалтад хамрагдаж байна.

Энэ удаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ багш болон хамгийн гол нь хүүхдүүдийг өөрсдийг нь гол түшиц болгож байгаа юм. Ингэхдээ хүүхдүүд нийлж клуб байгуулах, нэгдэж үйл ажиллагаа явуулах зэрэг ажлуудыг дангаараа болон багш нартайгаа хамтран зохион байгуулах юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж