“Берлин хана” нурсны 25 жилийн ойг гурав хоног тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

“Берлин хана” нурсны 25 жилийн ойг гурав хоног тэмдэглэнэ

Германы нийслэл Берлин хотыг хоёр хэсэгт хуваасан хана нуран унасны 25 жилийн ой энэ арваннэгдүгээр сарын 9-нд болох юм. Энэ ойг Германы Засгийн газар өнөөдрөөс  /ХI.7/ эхлэн гурван хоногийн хугацаатай тэмдэглэн өнгөрүүлэх захирамж гаргажээ. Зүүн Германд өссөн өнөөгийн канцлер Ангела Меркель “Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй. Учир нь би эрх чөлөөг 35 жил хүлээсэн” хэмээн мэдэгдсэн байна.

 

 

ХХ зууны үеийн “Хүйтэн дайны” бэлэг тэмдэг “Берлин ханыг” 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд Зүүн Германд коммунист дэглэм нуран унахтай зэрэгцэн нурааж эхэлсэн аж. Уг ханыг 1961 оны 8 сарын 13-ны өдөр барьж эхэлжээ. Эхэндээ төмөр утсаар хаалт хийж байснаа сүүлд бетон хана босгох болсон байна. Берлины хана нь эхэндээ 45 км урт байсан ч үргэлжлүүлэн барьсаар 160 км урт болсон аж. Берлины ханыг барьж эхэлж байсан он жилүүдэд Зүүн Германаас ойролцоогоор 2-3 сая гаруй хүн баруун Германд дүрвэж очсон байна. Берлин хотын дундуур хана босгож байгааг эсэргүүцсэн олон мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан Барууны орнууд болон Холбооны Герман улсад өрнөсөн боловч ямарч үр дүнд хүрээгүй байна. Харин ч Зүүн Германы эрх баригчид Берлины ханаас хойш 500 метр үргэлжилсэн “хориотой бүс” бий болгож замд нь байсан бүх байшин байгууламжийг нураажээ. Мөн 300 гаруй харуулын цамхгийг босгож, зарим хэсгийн талбайг минажуулж байсан гэнэ.

 

Өдгөө “Берлин хана”-ны найман км ханыг дурсгал болгон үлдээснийг жуулчид одоо ч олноороо очиж үздэг байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: “WashingtonPost”, “Wikipedia”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж