Хяналтын жин байрлуулна

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

Хяналтын жин байрлуулна

Зуун айл, Гурвалжингийн гүүр болон бусад байршилд барилгын материал, тэр дундаа кг-аар савласан бүтээгдэхүүн худалдаалагчид иргэдийг хохироож байгаа тухай манай сайт өмнө нь мэдээлж, тусгай сурвалжлага бэлтгэн хүргэж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосноор савласан бүтээгдэхүүн нэгж тутамдаа 400 граммаас 10 кг хүртэлх хэмжээгээр дутуу савлагдсан болохыг тогтоосон юм. Тиймээс МХЕГ-аас санаачлан өчигдөр барилгын материал  импортлогч, худалдаалагчидтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

“Барилгын материалын савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэгт Стандарт хэмжилзүйн газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, дүүргүүдийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, “Монголын Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ, УБТЗ-ын Ачиж буулгах, тээвэр, экспедицийн механикжсан анги /АБТЭМА/ буюу барилгын материалын 44 дүгээр зах, барилгын материал үйлдвэрлэдэг “Гурван марал групп” ХХК, “Эрдэнэжин фан” ХХК, “Монгол ташуур” ХХК, “Баян сэтгэмж” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын холбогдох албан тушаалтууд оролцжээ.  

Хэлэлцүүлгээс хэмжлийн аргаар хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоох, иргэд, худалдан авагчдад хууль эрх зүйн болон бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх, худалдааны газруудад хяналтын жин байршуулахаар тогтсон байна.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж