Цахилгааны төлбөрөө нарийн шалгаарай

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Цахилгааны төлбөрөө нарийн шалгаарай

-Учир нь цахилгаан, усны тоолуурын заалтыг буруу  бичиж,  иргэдээс илүү төлбөр авдаг нь тогтоогджээ-

Иргэд, аж ахуйн нэгж цахилгаан, усны төлбөрөө төдийлөн хяналгүйгээр төлж орхидог.  Гэтэл цахилгаан, усны төлбөрийг иргэд, аж ахуйн нэгжээс илүү авдаг, тоолуурын заалтыг  буруу бичдэг  зөрчил шалгалтаар илэрсэн байна. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хувийн орон сууцны компаниудын төлбөр тооцоонд ашиглаж буй тоолуур-хэмжих хэрэгсэл ашиглалтад шалгалт хийсэн бөгөөд үр дүнг нь өнөөдөр мэдээллээ.  Шалгалтанд тусгай зөвшөөрөлтэй 39 аж ахуйн нэгжийг хамруулж, тэдгээр компаниудаас  ус, цахилгааны төлбөр тооцоог гүйцэтгэдэг 114 аж ахуйн нэгж, 56 айл өрхийн 345 ширхэг ус, цахилгааны тоолуурын баталгаажуулалт, ашиглалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, тоолуурын заалт авалт, тарифын мөрдөлт зэргийг шалгасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийн хувьд,

  1. Айл  өрх, аж ахуйн  нэгжийн усны төлбөр тооцоог улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй усны тоолуур тавьсан,
  2. Эрчим хүчний тусгай зөвшөөрөлгүйгээр айл өрх, аж ахуйн нэгжүүдээс цахилгааны төлбөрийг хурааж авдаг, ус, цахилгааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн цахилгааныг дур мэдэн тасалж, хязгаарлалт хийдэг,  
  3. Мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөөгүй, гэрээ шинэчлэгдээгүй байруудын айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцдог,
  4. Цахилгааны тоолуурын заалтыг сар бүр үнэн зөв авдаггүй, байгаагаас илүү бичдэг,
  5. Компаниудын хэмжилзүйн дотоод хяналт хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Энэ нь Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Эрчим хүчний тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж байгаа талаар НМХГ-аас онцоллоо. Хэмжилзүйн хяналтын улсын байцаагчийн зүгээс илэрсэн зөрчлийн арилгуулахаар найман аж ахуйн нэгжид 32 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, есөн аж ахуйн нэгжид “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиудын дагуу хоёр сая 84 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн хяналт, шалгалтынхан иргэд, аж ахуйн нэгжийг ус, цахилгааны төлбөр төлөхдөө заалтыг нягталж, лавлаж байхыг анхааруулсан юм.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж