Томууг гэрээр хэрхэн эмчлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Томууг гэрээр хэрхэн эмчлэх вэ?

Томуу, томуу төст өвчний гаралт олон жилийн дунджаас давж, дэгдэлтийн байдалтай боллоо. Энэ үед томуугаас сэргийлэх арга хэмжээг дээд хэмжээнд эрчимжүүлж хэрэгжүүлэхийн зэрэгцээ, томуугаар өвчилсөн хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлэх хэрэгцээтэй юм. Иргэдэд  өөрийгөө, гэр бүлээ хамгаалах, өвдсөн үед асрах энгийн аргуудыг зөвлөж, үүний дагуу өөрсдийг нь дайчлан өргөнөөр оролцуулж идэвхтэй ажиллуулах нь учирч болзошгүй бэрхшээлийг хохирол багатай давахад ач холбогдолтой байдаг.

Томуугийн хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлэх зөвлөмж:

Хүчилтөрөгчийн дутлын шинжүүдээс илрээгүй, томуугийн хүндрээгүй хэлбэрийг өрхийн эмчийн давтан хяналтанд гэрээр эмчилж болно. Ихэнх хүмүүс энэ аргыг хэрэглэж эдгэрнэ.

• Томуу өвчний нууц хугацаа 1-4 хоног, өвчилсөн эхний өдрөөс хойш 5 хоног, хүүхдэд 7 хоног заримдаа түүнээс удаан үргэлжилждэг.

• Хэвтрийн дэглэм сахиж, сайн амрах, унтах, дулаан, тайван байх

• Хамарт дусаалга дусаах, ариутгах уусмал (фурациллин 1:5000, царвангийн хандмал, риванол, давстай ус г.м) хоолой зайлах

• Гараа савандаж сайн угаасны дараа, ариун салфетик, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч  уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана.

• Ам, хамар, хоолойг 2%-ийн содын уураар утлага хийх

• Цэгэн массаж  өдөрт 3-6 удаа хийх

• Гич болон шилмүүстэй халуун усанд  болон ваннд суух

• Халуун аарц, хярам, сүү, буцалсан ус зэргийг ахиухан  ууж, хөлрөх нь сайн

• Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх

• Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-оос доошгүй удаа хийх, цэвэр агаар  2 цаг тутамд оруулах

• Тамхи татахыг цээрлэж, маск зүүх

• Өглөөний гимнастик, бие чийрэгжүүлэлтийн хөнгөн дасгал хийх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах

• Витамин С (2%, 5%, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, уух

• Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах зорилгоор парацетамол, минигрипп, максгрипп, гиповит болон ибупрофен, колдрекс зэрэг эмийн аль нэгийг, насанд тохирох тунгаар уух

• Томуутай төстэй олон төрлийн вирүс бас халдвар  үүсгэдэг тул дахин шинэ халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй.

• Өвчилсөн хүн халуурч эхлэхээс 1 хоногийн өмнөөс орчиндоо халдвар тарааж эхэлдэг, халууны эм уухгүй байхад халуурахаа больсоноос хойш 24 цагийн дараагаас орчиндоо халдваргүй гэж үздэг. Өвдөөд эдгэрсэний дараа ажил сургуульдаа явахдаа энэ хугацааг анхаарах нь зүйтэй.

Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж:

Томуугийн А(H1N1), А(H2N3), В вирүсийн халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

Цэгийн массаж хийх зөвлөмж:

Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:

1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)

2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)

3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)

4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)

5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)

6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)

7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)

8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Цэгийн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндөгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд төдий чинээ сайн.

Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний  баннд суух  зөвлөмж:

• Саванд 36-38 хэмийн халуун, 1 л ус, 2,0 грамм гич хийж  хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан одъяалаар битүү бүтээж, 10-15 минут сууна.

• Шилмүүст баннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд байхаар тооцож хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут байна.

Дээрх байдлаар шүлмүүсний хандтай халуун усанд мөн адил хөл дүрж сууж болно. Хөлөө дурсэний дараа болон ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөж унтуулна. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.

Томуугийн үед цэвэрлэгээ, ариутгал, агааржуулалт хийх зөвлөмж:

Цэвэрлэгээний гол зарчим чийгтэй, нойтон аргаар, сайн цэвэрлэхэд оршино.

Томуугийн вирүс ариутгалын бодист мэдрэг, өвчин үүсгэх чанараа  алдаж идэвхгүйждэг шинжийг нь ашиглаж байгаа юм.

Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Өдөрт 2-3 удаа, ээлж бүрийн өмнө ариутгана.

Агаарыг ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж  тавих, уг бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгаж болно.

Гадаа утаа, тоосгүй үед агааржуулалтыг 2 цаг тутамд цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч зэргээр агаарыг сэлгэнэ.

Өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлор агуулсан бодис бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн гэр орны онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж